Коворкингийн талаар гайхалтай 11 статистик

Энэ удаагийн блог постоор (long overdue due to holidays, naadam, lager, procrastination etc) бид  Officevibe  коворкингийн талаар 2015 оны судалгаа хийж тун сонирхолтой инфографик гаргасныг хүргэж байна.

infographic-coworking-mgl-web

Фрилансерүүдын Тоо Улам л Олширсоор

2020 онд ажиллах хүчний 40% нь фрилансер, цагийн ажилтан, гэрээт ажилтан болон бие даан бизнес эрхлэгчид байх болно.

Энэ бол бид тоохгүй орхиж болохгүй тоо. Чөлөөт амьдралын хэв маяг сонгож байгаа хүмүүсийн тоо улам л олширч байгааг бид анхааралдаа авах нь зөв. 

Коворкингийн газарууд цаашид ч улам л дэлгэрсээр байна, энэ завшааныг алсаас/гэрээсээ ажилладаг ажилчидтай компаниуд ашиглаж болох юм. Хэрэв танай компанид гэрээр ажлаа хийх хүсэлтэй хүн байгаа бол түүнийг коворкингийн газраас ажилуулах нь маш оновчтой шийдэл байж болно.

Коворкингд Та Өнгө Орох Болно

70% нь коворкингд ажилласнаар уламжлалт оффисын орчинд ажиллаж байснаасаа илүү эрүүл болсон гэжээ.

Энэ нь уламжлалт оффисын орчинд хуримтлагддаг их стресстэй холбоотой байж магад. Мөн коворкингийн газрууд эрүүл мэнддээ анхаарах санаачлага гаргах нь элбэг байдагтай холбоотой байж болох ба ямартай ч судалгаанаас коворкингд ажилладаг хүмүүс илүү эрүүлших болсон гэдэг хариу гаржээ.
Эрүүл хүн мэдээж илүү эрч хүчтэй, бүтээмж өндөртэй байдаг.

Коворкерүүд Цагтаа Ажлаа Амжуулах нь Сайжирсан

64% Коворкерүүд цаг тухайд нь ажлаа амжуулдаг болсон гэжээ.

Энэ сонирхолтой тоон баримт нь коворкингийн асар их нөлөөг илэрхийлж буй юм.
Коворкинг-д хүмүүс бүтээмж илүү өндөртэй байдаг давуу талыг компаниуд ашиглах хэрэгтэй. Компаниуд түр ажилтан фрилансерүүдыг кофе шопт ажиллахыг нь болиулж коворкинг-д оруулах нь зүйтэй.

Коворкерууд Төвлөрөх нь Сайжирсан

68% Коворкингд илүү сайн төвлөрч чаддаг гэжээ.

Коворкингд бий болдог уур амьсгал нь нөлөөлдөг байх.
Хүн бүр л тэнд ажлаа л хийх гэж суудаг бөгөөд өөрсдийн гэсэн зорилготой байдаг. Харин кофе шоп-д анхаарал сарниулах зүйл хэт их байдаг. Өөр нэг хүчин зүйл гэвэл коворкингийн орон зайд үүсдэг уур амьсгал юм. Яг л гэртээ дасгал хийх фитнессд явах хоёр ямар ялгаатай байдагтай адилхан, фитнессд эргэн тойронд байгаа хүмүүсээс болоод өөрийгөө илүү дайчилж дасгал хийдэг шүү дээ.

Хүмүүс Коворкингийнхаа Орчинд Сэтгэл Хангалуун Байдаг

92% Коворкингийн орон зайндаа сэтгэл хангалуун байдаг.

Энэ бол их сайхан тоон баримт. Коворкинг ажиллуулдаг хүн бүр өөрсдөөрөө бахархах хэрэгтэй.
Коворкингийн газар ажиллуулдаг хүмүүс бүх гишүүдийнхаа дунд хамт олон үүсгэхийн тулд маш их хичээдэг.
Ихэнх коворкингүүд нетворкинг болон хамт олонд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах нь элбэг. Энэ чанарууд нь коворкингийг улам л таатай болгодог.

Коворкинг нь Хүмүүсийн Хоорондын Харилцааг Сайжруулдаг

91% Коворкингийн дараа бусадтай илүү харилцаатай байдаг.

Хэзээ ч таарч танилцахааргүй байсан хүмүүс хоорондоо коворкингийн газар байнга харилцаа үүсгэж байдаг.
Ингэснээр хүнд өөртөө итгэх итгэлийг нь сайжруулдаг ба коворкингийн орчноосоо гадна ч өөр хүмүүстэй яриа өрнүүлэх чадварыг нь хурцалж өгдөг.

Коворкинг Таныг Илүү Чөлөөтэй Болгодог

60% коворкингд ажиллаж эхэлсэнээс хойш гэртээ хариад илүү тайван амардаг болсон.

Энэ инфографикийн хамгийн гоё тоон баримт юм.
Оффисын ажилтнуудын байнга шахуу ярилцдаг чухал ярианы сэдэв нь ажил амралтаа тааруулан, тэнцвэрийг нь олох байдаг.
Ердийн нэг оффисын ажилтан гэртээ авчирдаг ажлын стрессээс болж хань болон хүүхэд нь маш их хохирдог. Ажил ба амралтаа зөв хуваарилж, тэнцвэрийг нь олох нь нэн чухал. Энтрепренерүүдэд хэрэгтэй байдаг уян хатан нөхцөл болон эрх чөлөөг коворкингийн газар өгдөг юм.

Маш Олон Коворкерүүд Залуу Хүмүүс Байдаг

Коворкерүүдийн 78 хувь нь 40-с доош насных

Коворкингд ихэвчлэн залуучууд ажилладаг. Мэдээж энэ нь коворкинг зөвхөн залуучуудын орчин гэсэн үг огт биш.
Хэн ч байсан, хэдтэй ч байсан өндөр үр бүтээмжтэй байхыг, эрүүл байх болон ажил амралтаа зөв зохицуулахыг хүсдэг билээ.

Коворкинг Таныг Өөртөө Илүү Итгэлтэй Болгоно

90% нь коворкингд нэгдсэнээс хойш өөртөө илүү итгэлтэй байх болсон.

Энэ тоо бас л коворкингийн газар үүсдэг уур амьсгалын үр нөлөөтэй холбоотой байх. Тэнд хүн бүр л ажиллах эрч хүчээр дүүрэн байдаг, тэр орчин нь танд ажлаа хичээнгүй шаргуу хийх түлхэц өгдөг.
Түүнээс гадна ашиглах боломжтой нөөц болон олон арга хэмжээнүүд таныг дэмжих хамт олонтой болгож өгдөг учраас та улам л өөртөө итгэлтэй болдог.

Коворкингд Таны Орлого Нэмэгддэг

50% орлого нь нэмэгдсэн гэж мэдүүлжээ.

Энэ их сонирхолтой дүн, бидний таамгаар бол коворкингоос ажлаа хийж буй энтрепренер юмуу фрилансер нь кофе шопоос ч юмуу өөр нэг газраас ажлаа хийснээс илүү шаргуу ажилладаг болон ажилдаа хамаагүй нухацтай ханддаг.
Бие дааж ажилладаг бүх хүн маш чухал мэдээлэл.

Фрилансерүүд Өөрсдийн Цагийн Хуваариар Ажиллахыг Хүсдэг

Зөвхөн 30% нь л хэвийн ажлын цагаар ажиллахыг дээр гэж үздэг.

Энэ бол зөвхөн коворкингд ч биш, хүмүүст хамгийн бүтээмжтэй байх үедээ хүссэн үеэрээ ажлаа хийх, бие даах эрх чөлөө, уян хатан нөхцөл хэрэгцээтэй байдаг.
Коворкингийн газрууд энэ шаардлагыг хангахын тулд уртасгасан цагаар нээлттэй байдаг.

Эх сүрвалж: https://www.officevibe.com/blog/11-incredible-coworking-statistics-infographic

Унших

Зун ажиллахын урлаг

bulldog-ice

Зун цагаар үр бүтээлтэй байх нь

Зун цаг бол ялангуяа Монголд урт амралтын цаг. Бизнесээ хөл дээр нь хурдан босгох гэсэн стартап буюу гарааны бизнес эрхлэгчдийн хувьд харин урт удаан амралт нэг хэсэгтээ тохиохгүй. Зуны налгар өдрүүдэд хэрхэн идэвхээ алдалгүй ажиллах талаар хэдэн зөвлөгөө хуваалцая.  

Зуны хуваариар ажиллаж үзээрэй

Бусад ажлын өдрүүдээр ажлуудаа амжуулаад Баасан гарагт эрт тарах, эсвэл нэг мөсөн Баасан гарагт амрах зэргээр 5 өдөр 9-18 гэж ажилладаг хэвшмэл хуваариа өөрчилж үзээрэй. 4-хөн өдөр ажиллана гэж бодохоор юмыг хурдан шийдэж хийх эрмэлзэлтэй болж, 3 хоног амрана гэж бодохоор ажлын бүтээмж ч мөн нэмэгдэнэ.

Орчноо өөрчилж, гадаа гараарай

Гадаа нартай, гоё байхад оффисдоо халууцан ширээний ард заавал суугаад байх хэрэггүй. Гадаа сүүдрэвчтэй кафед нөүтбүүктэйгээ суун ажиллаж болно. Хүнтэй ажил ярих хэрэгтэй бол хамт гадуур алхангаа ажлаа ярилцаж болно. Алхах нь цусны эргэлт сайжруулдаг ба тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, таны уулзалтыг илүү үр дүнтэй болгох магадлалтай. Станфордын их сургуулийн нэг судалгаагаар алхах нь хүний бүтээлчээр сэтгэх чадварыг 60 хувиар нэмдэгдүүлдэг байна.

Зуны амралтын дараа ажлаа дүгнээрэй

Зуны амралтаас эргэж ирээд өдөр тутмын ажилдаа эргэн дасах гэж хэсэг зуур болдог. Тиймээс зуны амралтаасаа эргэж ирээд шууд ажилдаа шумбан орохоос өмнө ажлаа дүгнэх, цаашдын төлөвлөгөөгөө гаргах, шинэчлэх зэрэг ажлуудыг хийхэд хамгийн тохиромжтой үе юм.

Улирлын удаашралыг өөрчил

Зун цаг бол бизнесүүдийн хувьд удаан үе байдаг. Энэ үеэр ямар үйлчилгээ, бүтээгдэхүүнийг санал болгож болохоо урьдчилан төлөвлөж, улирлын онцлогоос өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Жишээ нь боловсролын төв байгаа тохиолдолд зундаа их сургуулийн талаар оюутнуудад зөвлөгөө өгөх, зуны амралтаар хийж болох хөтөлбөр зохиох г.м. Мөн удаашралын үеэр бизнестийн орчин сэргэх үед хийх маркетингийн кампанит ажлаа төлөвлөх, нэтуоркинг хийж хүмүүстэй танилцан, танилын хүрээгээ тэлэх эсвэл сайн үйлсийн аян, нийгмийн хариуцлагатай холбоотой зүйлс хийж болно.

Шинэ юм сур

Зун цаг шинэ хобби эсвэл шинэ спортоор хичээллэхэд хамгийн тохиромжтой үе. Шинэ юм туршиж, сурах нь танд шинэ санаа гаргах, сэтгэхэд тань маш сайн нөлөөлөх болно.

Зун цагийн зугаа цэнгэлээс бүү хоцор

Долоо хоногтоо нэг зун үйл ажиллагаа зохион байгуулаарай. Ажлынхантайгаа гадаа суух, уул хаданд авиран явган аялал хийх, эсвэл зүгээр л хүүхдүүдээ аван цэцэрлэгт хүрээлэнгээр алхан, тоглоом тоглох зэрэг. Зун цаг бол зугаатай цаг, тиймээс өөртөө амрах боломжийг тогтмол өгөх хэрэгтэй. Ингэснээр та өөртөө зорилго өгч, идэвхтэй ажиллах болно.

Унших

Стив Жобсоос маркетерүүдын сурах 10 зүйл (үргэлжлэл)

Apple CEO Steve Jobs holds an envelope containing the new MacBook Air during his keynote at the MacWorld Conference in San Francisco.

Эхний хэсгийг унших

6. Нууцлаг бай, нууцтай бай

Apple-ын илтгэл, зарлал зэрэг үйл ажиллагаануудад оролцохоор хүмүүс олон цаг хүлээдэг байсны учир нь Стив Жобс нууцлаг байдал, хүлээлт үүсгэх зэргийг гаргууд хийдэг нэгэн байв: аль ч илтгэлийнхээ үеэр гайхалтай шинэ зүйлийг зарлаж магадгүй гэсэн хүлээлт байдаг байлаа. Шинэ бүтээгдэхүүнээ зарлахаас хэдэн сарын өмнөөс Apple мэдээллийг бага багаар “алдаж” эхэлдэг байлаа. Эхлээд бага зэрэг цухуйлгасан мэдээллүүд, дараа нь цуу яриа, түүний дараа эхлээд гарсан цуу яриаг үгүйсгэсэн цуу яриа г.м. Ихэнх нь буруу мэдээлэл байдаг байсан ч энэ бүхэн нь хүмүүсийн дунд асар өндөр хүлээлт үүсгэж чаддаг байлаа. 

Жобс iPhone-ийг анх гаргаж ирэн танилцуулахаас бүтэн жилийн өмнөөс дэлхий даяар хүмүүс энэ тухай таамаглал солилцож, дизайнерууд иймэрхүү байж магадгүй гэсэн төсөөллүүдээ Photoshop-дон гаргаж байлаа. Жобс мөн “Эцэст нь нэмж хэлэхэд…” гэдгээрээ мөн алдартай байлаа. Хэлэх юмаа яриад дуусчлаа гэж бодох мөчид тэр “эцэст нь нэмж хэлэхэд..” гээд дахин нэг гайхалтай зүйлийг танилцуулдаг байв. Үүнээс сурах зүйл нь: Ихэнх маркетерууд өөрийн бүтээгдэхүүний талаар чадах бүхнээ хүн болгонд хэлэхийг яардаг. Жобс эсрэгээрээ мэдээллээ хязгаарласнаар хүлээлт үүсгэж чаддаг байлаа.

7. Дайсантай бай

Зохиол, өгүүлэмжийн хамгийн эхний дүрэм бол: зөрчил юм. Зар сурталчилгааны эхний дүрэм бол дайсан байх ёстой. Apple-ын хувьд энэ эхлээд IBM байсан. Хожим нь Microsoft болсон ба сүүлд Google ба Android үйлдлийн системийг Жобс дайснаа болгон сонгож авсан. Энэ болгонд Жобсын гол мессэж бол: Манай дайснууд дэлхийг эзэгнэж, сүйрүүлэх гэж байна. Бид бол энэ төлөвлөгөөг нь зогсоох, нэр төртэй, дарлалын эсрэг босогчид юм.
(Энд Жобсын IBM-ын талаар яриаг үзэж болно. IBM-ыг “IBM-д эзэмдүүлсэн, тэдний гарт орсон ирээдүйг” бүтээх хүсэлтэй “бүхнийг эзэгнэх зорилготой хорлонтой хаант улс”. Apple тэднийг зогсоох “цор ганц найдвар” г.м. )

Маркетерууд иймэрхүү ярианаас зайлсхийдэг. Эргээд өөрсдөд нь муугаар нөлөөлнө гэж айдаг. Ихэнхдээ тэд хүн болгоноор хайрлуулах гэсэн хүсэлтэй хүүхдүүд шиг байдаг. Мэдээж хүчтэй, том дайсантай болох нь эсрдэлтэй. Харин Жобсын хувьд бүтээгдэхүүн борлуулахын тулд та эхлээд хөдөлгөөн эхлүүлэх ёстой. Хэрвээ үнэхээр хувьсгал хийх гэж байгаа бол эсэргүүцэх зүйл байх ёстой.

8. Хэрэглэгчдээ номлогч болго

Жобсын хийж чадсан хамгийн том зүйл нь хэрэглэгчийг Apple брэндийн номлогч болгож чадсан. Шинэ iPhone гарах болгонд, тэр нь өмнөхөөсөө бага зэрэг өөрчлөгдсөн ч хамаагүй, дэлгүүрийн гадаа хэдэн цагаар хүлээж зогсдог тэр хүмүүс тэнд зүгээр iPhone авах гэж очоогүй. Тэр хүмүүс спортын багаа дэмжин, багаа дэмжсэн ороолт, цамц өмсөн тоглолт үзэхээр явдагтай яг адил өөрсдийн багаа дэмжих гэж тэнд очдог. Apple-ын хэрэглэгчид зүгээр худалдан авагчид гэж өөрсдийгөө боддоггүй, тэд өөрсдөөсөө том нэгэн хөдөлгөөний нэг хэсэг гэж боддог гэж болно.

9. Бүтээгдэхүүний тухай бүү ярь

1984 рекламд Макинтошийн нэг ч зураглал байдаггүй. Apple, Макинтошийн талаар сүүлийн 10 секундэд л дурддаг. “Think Different” ч мөн адил, бүтээгдэхүүний талаар биш харин бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүсийн талаар ярьдаг. “I’m a Mac” сурталчилгаанууд нь компьютеруудыг хүмүүсээр орлуулдаг.

10. Үг биш зураг ашигла

Одоог хүртэл вэбсайт, сурталчилгаандаа Apple аль болох цөөн үгээр хэлэх зүйлсээ хэлэхийг зорьдог. Жобс хүмүүст үгээс илүү зураг, дүрс хүчтэй хүрдэг болохыг ойлгодог байсан.
Доор байгаа жишээ нь Macbook Air-ыг анх танилцуулж байгаа видео юм. Жобс тайзан дээр шуудангийн дугтуйтай гарч ирээд, дотроос нь Macbook Air-ыг гулсуулан гаргаж ирэх үед хүмүүс яаж дуу алдаж байгааг анзаараарай. Энэ нэг үйлдлээрээ хэдэн мянган үгнээс илүү ихийг илэрхийлж чадсан. iPhone-ий рекламнуудыг үзэхэд ч мөн адил сүүлийн хэдэн секунддээ л тайлбар тексттэй байдаг.
Англи хэлэнд “less is more” гэдэг хэллэг байдаг, заримдаа юмыг танаж, багасгаж, хязгаарласнаар тухайн юмандаа илүү их утга, өгүүлэмж, боломжийг гаргаж өгдөг гэсэн санаатай. Марк Твэйн хэлэхдээ “Надад цаг байсан бол би илүү товчхон бичих байлаа” гэдэг шиг үгийг оновчтой товчлон, хязгаарлах нь ажиллагаа шаарддаг.

Стив Жобсоос авах хамгийн том сургамж нь энэ байж болох юм: тэр бусдаас илүү цаг гаргаж, бусдаас арай илүү ажиллаж чадсан.

Унших

Стив Жобсоос маркетеруудын сурах 10 зүйл

steve-jobs-iphone-presentation

Стив Жобс дампуурлын ирмэг дээрх Аpple-д эргэн ирж, дэлхийн хамгийн амжилттай брэндийг бүтээснээрээ дэлхийн бизнесийн түүхэнд хамгийн том сэргэлтийг авчирч чадсан. Стив Жобс тэр үед ажилд орохоор CV-гээ өгсөн бол хэн ч ажилд авахааргүй байлаа. Түүнд дээд боловсролын диплом байгаагүй, IT-гийн компанийг удирдаж байсан ч ганц мөр код бичиж чаддагүй байсан. Түүнд MBA диплом байгаагүй. Том байгууллагыг удирдах шат давхаргын менежментийн чадвар ч түүнд байгаагүй.

Тэгвэл тэр яаж энэ бүхнийг хийж чадсан бэ? Түүний хамгийн гол авъяас бол маркетинг байлаа. Түүний дор Apple-д ажиллаж байсан бизнесмэн, зохиолч Guy Kawasaki-гийн хэлснээр “Стив Жобс бүх цаг үеийн шилдэг маркетер” байжээ. Түүнээс сурах 10 гол зүйлсийг энэ нийтлэлээр хэлэлцэе.

1.Сайн ментор буюу “багш” олж ав

Жобс хэдий гоц ухаанатай байсан ч, өөрт нь шинэ юм зааж өгч чадах хүмүүсийг олж чадсан түүний амжилтад маш их нөлөөлсөн. Түүний анхны “багш” нарын нэг нь Цахиурын Хөндийн алдартай маркетер Режис МакКенна байсан. Apple анх хоёр хүний бүрэлдэхүүнтэй, гаражны бизнес байх үед л Жобс Режисийг олж уулзсан байна. Режис-ээр дамжуулан Жобс Apple-д angel investor буюу анхны хөрөнгө оруулагч, маркетингийн мэргэжилтэн Майк Марккула-г авчиржээ. Intel-ийн маркетингд ажиллаж байсан Марккула Apple-ын маркетингийн үндсэн зарчмуудыг бүтээсэн бөгөөд өдгөө 35 жилийн дараа ч эдгээр зарчмуудыг Apple-д дагасаар байдаг.
Жобс хожим нь Apple-ын алдартай 1984 сурталчилгаа, “Think Different” кампанит ажлыг бүтээсэн Ли Чау (TBWA/CHIAT/DAY)-ыг мөн л өөрөө олж, танилцсан байна. Ли Чау Жобс-ын насан туршид зөвлөх, найз нь болсон байдаг. Энэ бүхнээс сурах зүйл нь: Чи хичнээн мундаг байсан ч, ямар нэг юмыг чамаас илүү мэддэг, хийж чаддаг хүмүүсийг анзаарч хар, олж ав, тэгээд тэдний юу гэхийг сонс.

2. Маш сайн бүтээгдэхүүн бүтээ

Kawasaki-гийн хэлснээр “Цөөхөн хэдэн маркетеруудын ойлгодог нэг зүйл бол Стив Жобс нэн түрүүнд маш сайн бүтээгдэхүүн бүтээсэн. Хог новшийг маркетингаар аврах боломжгүй. Ихэнх маркетерууд өөрсдөд нь шахсан муу бүтээгдэхүүнийг аль болох сайхнаар гоёж, магтахаас өөр сонголтгүй байдаг. Жобсын гол давуу тал нь зөвхөн маркетинг биш маркетинг ба бүтээгдэхүүн хоёуланг нь хамт удирддагт байсан юм.

3. Өөрийн гэсэн үзэл бодолтой бай

1977 онд the Apple Computer Company нээлтээ хийх үед, Жобс Марккула хоёр компанийн дагаж мөрдөх 3 гол зарчмыг тодорхойлсон. Нэгт, Apple хэрэглэгчдийг ойлгодог байна. Хоёрт, Apple цөөхөн хэдэн зүйлийг маш сайн хийдэг байна. Гуравт, Apple өөрийн үнэт зүйлсийг (энги йн цэвэрхэн, өндөр чанартай) хийж байгаа бүх зүйлдээ шингээнэ. Зөвхөн бүтээгдэхүүндээ ч биш, бүтээгдэхүүний гаднах савлагаа, Apple дэлгүүрийн загвар, тэр байтугай Apple-аас гарч байгаа хэвлэлийн мэдэгдлээ хүртэл өөрсдийн үнэт зүйлс, зарчмын дагуу хийнэ.
Жобс Apple-ын хийж байгаа бүх юмыг нэг загвар, мэдрэмжийн зарчмаар явахыг шаардаж, хэрэгжүүлсэн нь маш онцгой зүйл юм. Энэ амар биш. Дурын компанийн вэбсайтыг та жишээ болгоод хараарай. Вэбсайт нь тэр чигтээ нэгэн үл үзэгдэгч хүний гараар урласан мэт харагдаж чадаж байна уу? Эсвэл хэсэг болгон нь тухайн асуудлыг хариуцсан хэсгээсээ хамааран өөр өөр загвар, нэршил, бичгийн стильтэй, нэг ёсондоо өөр өөр зүйлсийн цуглуулга байна уу? Вэбсайт нь жигд байж чадсан ч яг энэ концепцоо хэвлэлийн мэдэгдэл, дэлгүүр, оффис, түгээлтийн машин, бүтээгдэхүүний гаднах цаасан хайрцаг дээрээ хадгалж гаргаж чадаж уу? Үүнийг Жобс хийж чадсан юм.

4. Мөнгө зарцуулахаас бүү ай

Жобс анхаарал татсан том зүйлсийг хийхдээ гаргууд байсан. Нэг жишээ нь шинэ Макинтош компьютерд зориулж хийсэн 1984 реклам юм. Жобс өөрийн зангаар том, далайцтай хөдлөхөөр шийдсэн. Тэр Alien, Blade Runner зэрэг алдарт кинонуудыг найруулсан Ридли Скотт-ыг гэрээлэн 60 секундын рекламыг 900,000$-оор хийлгэж, 800,000$-оор цацуулсан байна. (Тухайн үеийн 1.7 сая ам.доллар нь өнөөдрийн ханшаар тооцоход 3.4 сая ам. доллар юм.) Энэ нь тухайн үедээ амжилт олох эсэх нь тодорхойгүй маш эрсдэлтэй алхам байлаа. Apple-ын ТУЗ-д тус реклам огт таалагдаагүй бөгөөд тэд рекламыг олон нийтэд цацахын эсрэг байлаа.
Эрсдэл нь харин амжилттай болсон бөгөөд тухайн үедээ энэ реклам нь хэвлэл мэдээллээр шинэ Макинтоштой адил анхаарал татаж чадсан.

5. Сонирхолтой агшнуудыг бүтээ

1984 рекламыг Apple компани “event marketing” гэж тодорхойлсон бөгөөд учир нь тус кампанит ажил нь цоо шинэ, өвөрмөц байснаараа зөвхөн зар сурталчилгаа биш, өөрөө тусдаа event буюу том үйл ажиллагаа шиг анхаарал татаж чадсан байна. 1984-ийн дараа удалгүй Стив Жобс 2.5 сая ам.доллараар Newsweek сэтгүүлийн нэг дугаарын 40 сурталчилгааны хуудсыг бүгдийг нь худалдаж авсан нь мөн анхаарал татжээ. “Think Different”, “I’m a Mac” зэрэг кампанит ажлууд ч мөн адил сэтгэхүйгээр хийгдэж байлаа. Бас нэг том жишээ бол Жобсын хийдэг байсан keynote илтгэлүүд. Энэ жил юу зарлах бол гэж хүмүүс Битлзийг эргэн нийлээд тоглолт хийхийг хүлээх мэт хүлээдэг байлаа.
Стив Жобс хүмүүст зүгээр нэг юм хэлэх биш, яаж сонирхолтой түүхийг өгүүлэн, уран сэтгэмжтэй хүргэхийг мэддэг байсан байна. Өнөөдрийн Apple-ын талаар байнга гарч байгаа шүүмжлэл нь энэхүү өгүүлэмж, уран сэтгэмж нь Apple-аас байхгүй болсноос ч гэж үзэх хүмүүс бий.

Үргэлжлэлийг унших 

Унших

Хамтран ажиллагсдыг чимээгүйхэн галзууруулдаг 7 муу зуршил

annoying coworker

Оффисд ажиллана гэдэг нь бусад хүмүүстэй жижиг орчинд өдрийн ихэнх цагийг өнгөрүүлэн, тэдний хийж байгаа ихэнх үйлдэл, чимээ авиаг хүссэн хүсээгүй анзаарна гэсэн үг.

Хүн болгонд дараах 7 муу зуршлаас дор хаяж аль нэг нь байх магадлалтай. Нэг оффисд ажиллаж байгаа хүмүүс тань таны ямар нэг зуршилд дургүй байвал тантай харьцах харьцаанд сэв үүсэх, дургүйцэл хүрэх учир эдгээрийг засах дээр анхаарах нь зүйтэй.

1. Хэтэрхий их шуугиантай байх

Оффисын ажилтнуудын дунд хамгийн их дургүй хүргэдэг, ажилд нь саад болдог зүйл бол шуугиан. Ялангуяа нээлттэй зохион байгуулалттай оффисд чанга чангаар утсаар ярих, утсаар ярихдаа өөрийн мэдэлгүй бусдын ширээний хажууд зогсон чангаар ярих, бохь зажлах, бохио үлээн тас хийтэл хагалах, үзгээ байнга чаг чаг хийтэл оролдох, эсвэл өөрийнхөө сүүлийн үеийн донтсон дуугаа өдөржин чанга тавих, өөрөө дуу аялах, чанга чангаар хоолойгоо засах гэх мэт.
CLUB coworking нь утсаар ярихад зориулсан, дуу чимээний тусгаарлалтай хоёр жижиг өрөөтэй ба цонхоор хотыг харангаа тухлан утсаар ярин ажлаа хийх орчинг бүрдүүлж өгсөн.

2. Бүдүүлэг конференцдох (conference call)

Олон хүн зэрэг конференцдох үеэр аль нэгийнх нь шуугиантай оффисын орчны шуугиан орч ирэх, эсвэл микрофоноо хаалгүйгээр хажуудаа байгаа хэн нэгэнтэй шал өөр юм ярих, шаржигнасан ууттай чихэр задлах гэх зэрэг их болдог. Хэдийгээр яг хэн нь ингээд байгаа нь тодорхой мэдэгдэхгүй байж болох ч оролцож байгаа хүн болгон тэр этгээдийг яг тэр мөчид үзэн ядаж байгаа.

3. Хүчтэй үнэрийн эх сурвалж байх

Хэдийгээр танай найз охин, найз залуу таны сүрчигт үнэхээр дуртай байж болох ч, өглөө биеэ усаар биш сүрчигээр угаасан юм шиг хамар цоргисон үнэрт оффисынхан тань дуртай байхгүй. Мөн сармис, сонгино ханхлуулсан хүнтэй ойр суун ажил ярилцахад хэн ч дуртай биш. Мэдээж ерөнхий ариун цэвэртэй холбоотой үнэрийн талаар дурдах нь илүүц бизээ.

4. Хэтэрхий их чалчих

Та хагас бүтэн сайнд хийсэн юмандаа маш сэтгэл догдолсон, хүмүүстэй хуваалцмаар байж болно. Гэхдээ оффис бол ажлын орчин ба өмнө нь байгаа ажлуудаа дуусгах нь тухайн оффисд цугларсан гол зорилго, утга учир нь гэдгийг санах хэрэгтэй. Тиймдээ ч хүмүүс ажилтай холбоогүй зүйлийг хэтэрхий их ярьж, цаг нөхцөөх гэсэн хандлагад дургүй байдаг.
Таны яриаг сонсож буй хүмүүс дэлгэц рүүгээ байн байн нүд нь гүйгээд байвал яриагаа дуусгах цаг болжээ гэсэн үг. Та үнэхээр сонирхолтой зүйл ярьж байсан бол дараа нь тэд завтай болохоороо “нөгөө юм чинь тэгээд яасан” гээд ирэх л болно.

5. Хүмүүсийн сэжиг хүргэх зүйлс хийх

Амаа таглахгүй ханиаж, найтаах, оффисын орчинд ил хумсаа авах, ухах, хамраа ухах, ухсан гараараа оффисын нийтийн өмчид, ж.нь принтерийн товчлуур г.м., хүрэх гэх зэрэг. Хүмүүсийн сэжиг хүргэхээс гадна мөн эрүүл мэндийн аюулгүй байдал талаас ч санааг нь зовоодог гэдгийг анхаарах хэрэгтэй.

6. Хэтэрхий их эсвэл буруу газруудад гар хүрэх

Мэдээж хүмүүстэй харьцахдаа мөрөөр нь тэврэх, нурууг нь цохих, энд тэнд нь базах, хатгах, гижигдэх дуртай хүмүүс байдаг. Гэхдээ ажил ба найзын харьцааг андуурах нь маш буруу бөгөөд биед нь хамаагүй хүрэхэд ихэнх хүмүүс дургүй байдаг гэдгийг санах нь чухал.

7. Бусдын орон зайг хүндлэхгүй байх

Ажлын ширээн дээр тавьсан зүйлсийг зөвшөөрөлгүй авахад хүн болгон дургүй. Бал, цааснаас авахуулаад ширээн дээрх зүйлс байнга алга болох шиг ядаргаатай зүйл үгүй. Хэдийгээр ажлын ширээний орчин нь хаалга, ханагүй боловч тухайн хүний “тусгаар тогтносон” орчин гэж хүндлэх нь зүйтэй. Байхгүй үед нь ширээн дээр нь эсвэл ширээнийх нь ойр хавьцаа юм хийсэн бол тухайн хүний ширээг анх ямар байснаар нь орхиорой. Ширээн дээр нь өөрт нь хамаагүй бичиг баримт, хоолны үлдэгдэл, хийж дууссан зүйлсийнхээ хаягдлыг битгий орхиорой. Мөн хэн нэгэнтэй дэлгэц дээр нь юм харан ярилцах үедээ дэлгэцтэй нь болгоомжтой харьцаарай. Дэлгэц рүү нь хуруугаараа чигчлэн, хурууны хээ завааруулан үлдээхэд дургүй хүмүүс олон байдаг.

Унших

Ур чадвараа дээшлүүлэхэд туслах 15 бүтээлч сайт

9_learning-01

Сошиал ертөнц ихэнх залуучуудын чөлөөт цагийг байтугай, ажлын цагийг эзлээд хэдэн жил болж байна. Android-ын Locket апп-ын хийсэн түүвэр датанаас үзэхэд ухаалаг утастай хүн дунджаар өдөрт 110 удаа утсаа шалгадаг ажээ. Энэ датаг 150,000 хэрэглэгчийн мэдээллээс авсан юм. Хэдийгээр сошиал медиагаар сүүлийн үеийн мэдээ, мэдээллийн талаар хүмүүстэй санал сэтгэгдлээ дор дор нь солилцох боломжтой боловч хэтэрхий их цагаа сошиал медиад зориулах нь шинэ зүйл сурах, хийх цагаа дэмий үрэх аюултай болгодог. Онлайн ертөнц хөгжихийн хэрээр онлайнаар боловсрол, мэдлэгээ тэлэх боломжууд маш их болсон ба сошиал медиад зарцуулах цагаа дараах 15 сайт руу шилжүүлэн та өөрийн мэдлэг, ур чадвараа сайжруулах, шинэ ур чадвар сурах боломжтой. 

1. Coursera

Дэлхийд нэр хүндтэй гэсэн зуу зуун боловсролын байгууллага, багш профессор нарын байж болох бүх л сэдвээр хийх богино курсуудэд үнэгүй сууж болно. Coursera-гийн курсууд нь ихэнх нь үнэгүй байдаг ба хэрэв та хүсвэл курс төгссөн гэрчилгээг 40-50 ам доллар тус бүр төлөн баталгаажуулж авч болдог. Зарим курсуудыг сэдвээр нь багцлан мэргэшил буюу speicalization болгосон байдаг нь тухайн сэдвийг илүү дэлгэрэнгүй сурах бололцоог олгодог. Android, iOS-д зориулсан апп-тай нь гар утаснаасаа ч хичээлээ хийх боломжийг олгодог.

2. edX

Coursera-тай төстэй бас нэгэн боловсролын сайт. Мянга мянган сэдвээр үнэгүй хичээлүүдийг үзэх боломжтой. Гэрчилгээг мөн баталгаажуулж авч болдог.

3. Khan Academy

Дэлхий дээр амьд байгаа хамгийн өндөр IQ-тай хүмүүсийн нэг гэгдэх Sal Khan-ы үүсгэн байгуулсан энэхүү онлайн академи нь математик, шинжлэх ухаанаас эхлээд бүх төрлийн сэдвээр хэдэн мянган видео хичээлийг үнэ төлбөргүй хүргэдэг.

4. Udemy

Энэ жагсаалтын эхний гурван сайттай үнэгүй, олон сэдвээр онлайн хичээл заадгаараа адилхан. Ялгаа нь: илүү бодит буюу практикт чиглэсэн ур чадваруудыг заадаг. Жишээ нь гитарын хичээлүүд, WordPress дээр онлайн дэлгүүрийн вэбсайт хэрхэн хийх г.м. Зарим курсууд нь төлбөртэй байдаг.

5. Quora

Асуулт хариултын портал сайт. Сайт дээр төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүд хэрэглэгчээр орсон байдаг ба хэрэглэгчид нь жинхэнэ нэр, мэргэжил, туршлагаа ил тод оруулдаг. Та хэрэглэгчээр бүртгүүлээд толгойдоо орсон ямар ч сэдвээр хүссэнээ асууж болох ба бусад хэрэглэгчид өөрсдийн туршлага мэдлэгээсээ таны асуултад хариулна. Хүмүүсийн бодит туршлагаас суралцах боломжийг олгодог давуу талтай.

6. Codeacademy

Программчлал эхлэн сурагчдад хэрэг болох сайт. HTML, CSS, PHP, Python зэрэг хэлүүдийг интерактив хичээлүүдээр сурах боломжтой. Хичээлүүдийн хувьд зөвхөн анхан шатны мэдлэг олгох ба илүү гүнзгийрүүлсэн мэдлэг, чадвартай болохыг хүсвэл Tutorialspoint сайт уруу шилжиж болно.

7. eHow

Төрөл бүрийн зүйлсийг яаж хийхийг шат шатаар нь заасан нийтлэлүүдтэй сайт. Тахианы цээж махыг аргуун болгохгүйгээр шарах зааварчилгаанаас эхлээд технологийн зөвлөгөө, танилын хүрээгээ тэлэх ур чадвараа сайжруулах гэх мэтчилэн юуг яаж хийх талаар бүх төрлийн зөвлөгөөг олж болно.

8. WikiHow

Хэрхэн яаж юмыг хийх талаар заадаг Wikipedia-шиг нээлттэй сайт. Wikipedia шиг нээлттэй гэдэг учир нь дээр дурдсан eHow дээрх нийтлэлүүдийг eHow-ын мэргэжилтнүүд бичдэг бол WikiHow дээр хэрэглэгчид өөрсдөө бүртгүүлэн, бие биедээ зөвлөгөө, зааварчилгаа өгөх боломжтой. Та ч мөн өөрийн туршлагаасаа солилцон, WikiHow дээр ямар нэг юмыг хэрхэн хийх талаар зааварчилгаа оруулж болно.

9. HowStuffWorks

Машины мотор яг ямар үе шатаар яаж ажилладаг, Oscar-ын наадмын шалгаруулалт яг яаж хийгддэг, эдийн засгийн Хаосын онол гэж юу вэ гэх мэтчилэн сонирхолтой нийтлэлүүдтэй сайт.

10. TED

Бүх салбарын мэргэжилтнүүдийн тавьсан видео илтгэл, яриануудыг TED-ээс олж үзэх боломжтой.Ямар нэг сэдвээр гүнзгий мэдлэг өгөхөөсөө илүү тухайн сэдвийн талаар богино бөгөөд сонирхолтой товч танилцуулга гэж хэлж болох ярианууд байдаг. Олон сонирхолтой хүмүүсийн ярианаас сэдэл шийдэл олох, онгод, урам дэм авах боломжтой.
CLUB Coworking TED ClubMix 5 сарын 21-нд зохион байгуулсан бөгөөд тухайн нээлттэй event-ээр CLUB болон зочдын хамгийн дуртай TED-ийн яриануудаас playlist хийн үзүүлж, хүмүүс хоорондоо хэлэлцүүлэг өрнүүлөн цагийг зугаатай өнгөрүүлсэн. Цаашид TED ClubMix нь тогтмол хийгдэж байх бөгөөд та бүхэн манай Facebook-ээс event-д бүртгүүлэн, хүрэлцэн ирээрэй.

11. Duolingo

Шинэ хэл сурах хүсэлтэй хүмүүст тохирох хялбар, энгийн, тоглоомжуулсан хичээлүүдтэй сайт. Франц, Англи, Герман, Испани гэх мэт олон хэл сурах боломжтой.

12. Instructables

Төрөл бүрийн зааварчилгаатай хичээлээс бүрдсэн сайт. Дахин боловсруулсан гар хийцийн цаасаар хуримын урилга хэрхэн хийх, WiFi-даа кофе чанагчаа хэрхэн холбох, хүүхдийн өрөөний хана, таазаа хэрхэн сонирхолтойгоор өөрөө будах зэрэг өдөр тутмын амьдралд холбоотой бүх төрлийн зааварчилгааг хүмүүс өөрсдөө хичээл болгон хуваалцдаг.

13. Memrise

Memrise-ыг ашиглан төрөл бүрийн сэдвүүдийг бага багаар сурах боломжтой. Хэл, шинжлэх ухаан, түүх зэрэг төрөл бүрийн сэдвүүдийг сонгон сурахад дараа дараагийн хичээлүүд нь өмнөх сурсан зүйлтэй уялдан илүү гүнзгийрч ирдэг.

14. Project Gutenberg

Интернэтийн хамгийн том электрон номын сан. Зохиогчийн эрх нь нийтийн мэдэлд шилжсэн 50,000 ном хэвлэл 100% үнэгүй тавигдсан байдаг бөгөөд дэлгэцнээс шууд уншихаар болон Kindle, iPad, Android гээд бүх төрлийн уншигчдад зориулан epub, mobi, txt форматуудаар номнуудыг татаж авч болдог. Зохиогчийн эзэмших эрх дууссан эсвэл эрхийг нийтэд нээлттэй хэвлэсэн номнууд байдаг учир зохиогчийн эрх зөрчдөггүй гэсэн үг.

15. Zen Habits

Интернэтийн хамгийн шилдэг motivational буюу урам дэм өгдөг блогуудын нэг. Блогын нийтлэлүүд нь таны амьдралд фокус авчрах, эрэгцүүлэх, бодож тунгаах сэдлийг өгөх зорилготой байдаг ба сайт нь Зэн зарчимдаа үнэнчээр илүү дутуу зүйлгүй маш энгийн, цэвэрхэн бөгөөд нийтлэлийн агуулгадаа анхаарсан байдаг.

Унших

Таны хамгийн шилдэг хувилбар: Өөрөөрөө байх

Batman

Хэрхэн бүтээлч байж, хэрхэн “нууц”-ыг тайлж амжилтанд хүрч, яаж үр бүтээлтэй амьдрах вэ? Гэдэг хүн болгоны боддог зүйлс. Өндөр үр бүтээлтэй байх дээр хэт их ач холбогдол өгөн, бүтээлч байдлын талаар төрөл бүрийн 10 алхам, 5 үе шат, 7 нууц зарчим зэргийг даган өөрийгөө өөрчилж амжилтанд хүрэх гэж оролдохоосоо өмнө хамгийн түрүүнд хүн “би хэн бэ?” гэдэг асуултын хариултыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Би яг хэн билээ гэдгийг мартах нь цагаа юунд зарцуулах нь надад зохих билээ гэдэг асуултанд хариулж чадахгүйд хүргэх аюултай. Таны хувь хүний онцлог ба одоо байгаа бодит байдал, ажлын байр тань хоорондоо зөрчилтэй байвал урагш ахихад маш хэцүү. Жишээ нь: 

  • Өглөө ажилдаа явах талаар бодохоос дургүй хүрдэг бол
  • Хийж байгаа ажлын ихэнх хэсэг нь таны бүх эрч хүчийг сорж байгаа мэт санагддаг бол
  • Та ажилдаа хийсэн, амжуулснаа бусдаар заавал анзааруулах шаардлагатай байдаг бол
  • Нойроо дийлэхээ больж байгаа бол
  • Ажилдаа дүр эсгэж байгаа мэт санагдаад байгаа бол

та болон таны одоо гүйцэтгэж байгаа дүр тань хоорондоо зөрчилтэй байх магадлалтай шүү.
Мэдээж энэ нь та ажилдаа сайн биш гэсэн үг огт биш. Олон пайз, шагнал, шилдгийн өргөмжлөлтэй байж ч болно. Гэхдээ та байнга жүжиглэн, дүр эсгэж ажиллаад байвал хэзээ ч ажлаасаа бүрэн таашаал авч, дүүрэн эрч хүчээр цэнэглэгдэхгүй. Тэгэхээр яаж өөрийгөө хэн бэ гэдгийг эргэн нээж, өөртөө сануулах вэ? Жижиг сажиг зүйлээр өөрийгөө сатааруулахгүйгээр үнэхээр энэ миний хийх ёстой ажил, ажиллах ёстой салбар мөн үү гэдэг асуултыг хэрхэн шүүн тунгаах вэ?
– Толинд өөрийгөө хар. Өөрийнхөөрөө байж чаддаг хүмүүстэй цагаа өнгөрүүл. Тэд танд үнэнийг хэлнэ. Тэдэндтэй хамт байхдаа жүжиглэх, ямар нэг үзэл бодлыг баримталж, хамгаалж, дүр эсгэх хэрэггүй байдаг. Та яг өөрийнхөөрөө байж, ярилцаж байгаа зүйлтэй хэдий санал нийлэхгүй байсан ч үүнийгээ санаа зоволтгүй чөлөөтэй илэрхийлж чаддаг орчинд байна гэсэн үг.
– Юу танд эрч хүч, энерги өгч байгааг анзаарч мэдэр. Таны бие махбод таны оюун ухаанаас тань илүү ухаантай, хашир байдаг. Тиймээс танд таарсан зүйл мөн үү үгүй юу гэдгийг та сайн анзаарвал бие махбод тань хэлээд өгнө. Ямар нэг юм хийхэд толгой өвдөөд, бие нозоороод, эсвэл ердийнхөөсөө илүү ядарч байвал, хэдий та үүнийг мундаг хийж байгаа ч, танд тохирохгүй ажил байна гэсэн үг.
– Өөрийнхөө тухай, ертөнцийн тухай ойлголтуудаа сайтар нягталж, шүүж үз. Заримдаа бидний зуршил болсон үйлдлүүд, байнга хийдэг зүйлс маань нийгэмдээ дасан зохицож, өөрийгөө бусдад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хуулбарлаж, өөртөө наасан зүйлс байдаг. Өөрөөсөө ингэж асууж үзээрэй: “Надад сэтгэл санааны ба эд мөнгөний хүссэн бүх зүйл байсан тохиолдолд би үүнийг хийсээр байх уу?”
– Бага насаа нэг санаарай. Хүүхэд байхад би хэн бэ гэдэг асуулт шиг амархан асуулт байдаггүй байсан. Юунд дуртай, юунд дургүй гэдгээ бүрэн мэддэг үе шүү дээ. Тэгэхээр хүүхэд байхдаа юу хийх дуртай байснаа санах нь танд бас би хэн билээ гэдэг асуултад хариулахад маш их нэмэр болно.

Өөрийнхөө потенциалд бүрэн хүрэхийн тулд гадны төрөл бүрийн амжилтанд хүрэх зарчим, нууц томъёо зэргийг ашиглах нь гол биш юм. Харин таны өвөрмөц, өөрийн гэсэн онцлог шинж чанар, авъяас чадварт нийцсэн зүйлсийг хийснээр та байдаг л нэгэн амжилтанд зүтгэсэн робот биш жинхэнэ өвөрмөц, өөрийн гэсэн зүйлээ өөрийнхөөрөө хийдэг амжилттай нэгэн болох боломжтой.

Унших

Зогсоогоор ажиллахын ач тус

 

Standing desk1

”Хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг”, “өдөржин суух нь тамхи татахаас ялгаагүй хортой”, “ширээний ард суудаг ажил нас богиносгодог” гэх мэтчилэн сүүлийн үед суугаа ажлын хор уршигийн талаар их яригдах боллоо. Компьютер дээр бүх зүйл хийгддэг болсноос хойш дэлхий нийтээр гарч байгаа энэ асуудал нь эрүүл мэндэд урт хугацаандаа маш их хор уршигтай болохыг эмч нар анхааруулж байна. 

Энэ асуудлаас урьдчилсан сэргийлэх зориулалттай зогсоогоор ажиллах шийдэл сүүлийн үед газар авч байна. Зогсоогоор ажиллах нь хэд хэдэн гол ач тустай:

  • Хэт таргалалтаас сэргийлнэ
  • Чихрийн шижин болон бусад бодисын солилцоо, амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчний магадлалыг багасгана
  • Зүрх судасны өвчлөлтийн магадлалыг багасгана
  • Хорт хавдраар өвчлөх магадлалыг багасгана
  • Эрүүл, өндөр наслах магадлалыг ихэсгэнэ

CLUB Coworking-ийн оффисын нээлттэй ажлын хэсэгт зогсоогоор ажиллахад боломжтой өндөр ширээнүүд олон байгаа. Зогсоогоор ажиллахаас гадна таны хөл чилсэн тохиолдолд суугаад ажиллах зориулалттай өндөр сандалтай. Ингээд зогсоогоор ажиллах туршилт хийж үзсэн CLUB-ын нэг гишүүний хуваалцсаныг доор сийрүүлье.

Зогсоогоор ажиллахад ажиглагдсан хамгийн эхний зүйл нь илүү энергитэй байсан. Зогсоогоор байхад нозоорох нь бага санагдсан. Биенийхээ байршил, хоёр хөлдөө алинд нь илүү ачаалал өгч байгаа зэргээ мэдэрдэг учраас сандалд шигдээд биеэ тархи зөөдөг сав шиг зөнд нь орхих боломж гарсангүй.

Хоёрт хүмүүстэй харьцах нь илүү хурдан, нээлттэй болсон. Мэдээж зогсож байгаа үед хажуугаар өнгөрсөн хүмүүстэй шууд ярилцах боломжтой. Ширээний ард, хаалтны араар нүүрээ нуугаад дэлгэцэндээ уусан алга болох магадлал байхгүй нь их таалагдлаа.

Гуравт цэх зогсож, биеэ зөв авч явахад маш хэрэгтэй байлаа. Зогсоо удаан байхад зөв зогсохгүй бол нуруу өвдөх, биеийн жингээ зөв хуваарилахгүй, нэг хөлдөө хэтэрхий их ачаалал өгөх зэргийг маш сайн мэдэрдэг учир тэр болгондоо биеийн зөв байрлал, зогсолтоо засах зэрэгт сайнаар нөлөөлж байлаа.

Одоо сул талуудыг хуваалцая. Хөл маш их чилнэ. Ялангуяа өдөржингөө суудаг над шиг хүнд гэнэт тал өдрийг зогсож өнгөрүүлэхэд хөл ба нурууны булчин чилнэ. Дундуур нь ганц хоёр суухад “суух чинь ийм гоё билүү” гэдэг үгийг ойлгоно. Ийм үед л гутлын чансаа танигдана.

Өдөржингөө мөн зогсоогоор ажиллахад хүндрэлтэй бөгөөд маш их ядрах юм байна. Тиймээс урт цагаар ажилладаг хүмүүс ажлын цагийн зарим хэсгийг нь л зогсоогоор өнгөрүүлэх нь бодитой.

Ингээд ажлын гурван өдрийн талыг зогсоогоор ажилласны дараа анхаарах зүйлс нь:

  • Гутал маш чухал
  • Суугаагаас шууд зогсоод 100 хувь шилжээд, сандлаа өөр хүнд хандивлах хэрэггүй. Бага багаар шилжих нь чухал
  • Нуруу, үе мөч, өвдөг нь зовиуртай байдаг зэрэг зогсоогоор удаан байх нь өөрийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх эсэхийг эхлээд тодорхойлсон байх нь чухал. Тийм тохиолдолд заавал зогсоогоор ажиллахгүйгээр, ажлын ширээнээс босон алхах, хөнгөн дасгал хийх зэргээр эрүүл мэнддээ тэнцвэртэй шийдлийг олж болно.

CLUB Coworking-д ирж, зогсоо ширээ болон жижиг, дунд, том хэмжээний оффисын өрөө, хурлын өрөө, нээлттэй ажлын хэсэг зэргийг үнэгүй туршиж үзэх сонирхолтой бол та 5 сарын 13-ны албан ёсны нээлт хүртэл https://goo.gl/WRmvnu холбоосоор орон бүртгүүлээд цаг захиалж ирж үзээрэй.

Унших

Коворкинг оффисд яаж хүмүүстэй нэтворкинг хийх вэ?

networking-memeКоворкинг оффисд очоод ширээнийхээ ард чихэвчээ зүүж суугаад, ажлаа нухахад бүтээмж өндөртэй байдаг байж магадгүй. Гэхдээ байнга ингэж ажиллавал коворкингийн бас нэг давуу талыг та ашиглахгүй байна гэсэн үг. Тэр нь хүмүүстэй танилцаж, нэтворкинг хийж өөрийн бизнесээ тэлэх.

Мэдээж байнга бараа зарах гэж байгаа мэт коворкинг оффисынхоо бусад гишүүдийг зовоож, үргээхийг хэн ч хүсэхгүй. Тиймээс өөрийнхөө хийж байгаа бизнесийн талаар хүмүүст танилцуулж, хүрээгээ тэлэхдээ тунг нь тааруулж, зөв хандах хэрэгтэй шүү. 

1. Яриа үүсгэж, мөн сайн ярилцагч байгаарай.

“Хамт кофенд гарах уу” гэдгээр эхний алхамыг хийсэн ч болно. Принтерийн хажууд юмаа хүлээнгээ “Эндхийн гишүүн болоод удаж байна уу?” гэх мэт энгийн зүйлсээр л яриа эхэлдэг. Коворкингоос зохион байгуулдаг төрөл бүрийн үйл ажиллагаа, сургалтуудад мөн оролцох нь хүмүүстэй танилцах ярианы сэдэв үүсгэж өгдөг. Хамгийн гол нь хүмүүст зөвхөн юм зарах гэсэн ятгах ярианаас илүү хүмүүстэй сонирхолтой яриа өрнүүлэхэд анхаарлаа хандуулаарай.

2. Чадвараа бартер хийх боломжуудыг анзаарч байгаарай

Хийж чадах зүйлсээрээ коворкингийн бусад гишүүдтэй бартердаж хамтарч ажиллахад нээлттэй байгаарай. Ингэснээр коворкингийн бусад гишүүд таны чадварыг мэддэг болно.
Жишээ нь та график дизайнер мэргэжилтэй харин өөр нэг хүн сэтгүүлчийн мэргэжилтэй бол та хоёр бие биендээ туслаад, хамтарч ажиллах боломжтой шүү дээ. Сэтгүүлчийн нэрийн хуудсыг харсан хүн болгон л таныг дизайныг нь хийсэн гэдгийг мэдэж авах боломжтой гэсэн үг.

3. Мэдлэгээ хуваалц

Нэгэнт коворкингд нэгдэж ажиллаж байгаа бол нээлттэй байх нь чухал. Мэддэгээ харамгүй хуваалцаж коворкингд байгаа хэн нэгэнд нэмэр болох нь ирээдүйд танд ч ач тусаа өгнө. Нээлттэй мэдлэг солилцох соёлыг дэмжсэнээр та хэн нэг нь танд шинэ мэдлэг, мэдээлэл өгөх гарцыг бий болгодог. Бизнесийн нууц гэж үзсэн мэдээллээ заавал хуваалцахгүйгээр туршлага, мэдлэгээ хуваалцах боломжтой шүү.

4. Өөрийнхөө маркетингийн материалыг хийгээрэй

Оффисд ажиллаж байхад ширээн дээрээс үзэг, Post-it наалддаг тэмдэглэлийн цаас, цаасны хавчаар байнга л алга болж байдаг. Үүнийг ашиглаад та Коворкингд өөрийнхөө маркетингийг хийх боломжтой. Ширээн дээрээ өөрийнхөө нэр, вэбсайт, холбогдох утас г.м. мэдээлэлтэй бал, наалддаг цаас зэрэг “брэнджүүлсэн”, хэрэг болдог жижиг бичиг хэргийн зүйлсийг байнга байлга. Тэгвэл та хэнд ч өөрийнхөө мэдээллийг өгөх шаардлагагүй, хүмүүс өөрсдөө таны мэдээллийг авна гэсэн үг.

5. Хийж байгаа зүйлдээ дуртай, үнэнч гэдгээ харуул.

Юм зарах гэж ярих, дуртай юмныхаа тухай ярих хоёрын ялгаа асар их. Зарах гэдэг нь та нэг ёсондоо худалдан авагчийн эргэлзээг давж, ятган зарах гэж оролдоно гэсэн үг. Харин дуртай юмныхаа тухай ярьж байгаа хүн бусдын сонирхлыг хүлээж тэрэндээ үнэнч, шургуу зүтгэж байгаа хүн бусдын хүндлэлийг хүлээдэг. Таны ярилцаж байгаа хүн үнэндээ таны үйлчилгээг бүтээгдэхүүнийг авах хэрэгцээгүй байж болно. Харин харилцан ярианаас та тухайн хүндээ таалагдаж, ярилцахад таатай мэдрэмж төрүүлэх юм бол тэр хүн танд чин сэтгэлээсээ туслах үүднээс бусдад таны тухай, таны бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай ярьж, хэлдэг.
Коворкинг оффис ямар үр өгөөжтэй байх нь тухайн хувь хүнээсээ маш их шалтгаалдаг. Зүгээр нэг амар тайван, ажил амжуулчих орчноос хамаагүй илүүг танд өгч чадна. Нэтворкинг хийж, ажлын хүрээгээ тэлж, хүнтэй танилцах боломж өгдөг нь коворкинг оффисны хамгийн том давуу тал юм. Нэтворкинг гэж заавал хүчилсэн, нэрийн хуудсаа санд мэнд солилцсон уулзалт байхын оронд кофе хүлээнгээ шинэ хүмүүстэй танилцаж, тухайн өдрийнхөө сонин хачинг маазран ярилцах байж болно шүү дээ.

Унших

Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 5 сонирхолтой зуршлууд

productivity-700x400

Та 35 цаг ажиллаад 80 цаг ажилласантай адилхан үр дүнтэй байж чадах уу? Байнгын бүтээмж өндөртэй байх нь төрөлхөөс заяасан авъяас биш бөгөөд бүтээмжтэй, үр дүнтэй ажиллах чадварыг хүмүүс суралцах хэрэгтэй байдаг. Төрөлхийн авъяастай хүмүүс байдаг нь үнэн боловч тодорхой түвшинд хүрээд зөвхөн авъяасаараа биш шинэ чадварууд суралцан, хэрэгжүүлж байж цаашдаа амжилтанд хүрдэг. 

Цагаа хязгаарлах

Анхны бизнесээ эхлүүлж байгаа хүмүүст элбэг тохиолддог нэг зүйл бол 7 хоногт 80 цаг ажиллах үзэгдэл. Өөрийнхөө дуртай, зориглосон, эрсдэл үүрч байгаа бизнесээ цэцэглүүлэхийн тулд хүн өдөр шөнөгүй ажиллахад бэлэн байдаг. Ийм улайрал, шургуу зүтгэл бол маш чухал боловч урт хугацаанд ингэж тогтмол олон цагаар ажиллах боломжгүй бөгөөд хүний эрч хүч суларч, мохож эхэлдэг.

Паркинсоны хууль: Ажлыг гүйцэтгэхэд ямар хугацаа өгнө, тэр хугацаагаа бүрэн дүүргэдэг

Харин ч эсрэгээрээ өөрийн ажиллах цагийг 35 цагийн блокоор хуваан хязгаарлавал ажлын бүтээмж, үр ашигтай цагийн менежмент огцом өсдөг.

Өөрийгөө шийтгэх хэрэггүй

60 минут болгон адил биш. Заримдаа нэг цагийн дотор өмнө нь 4 цаг сууж толгойгоо гашилгаад болохгүй байсан зүйлсээ дуусгах нь байдаг бол бүтэн цаг ганц имэйл дээр мунгинаж өнгөрсөн юм шиг санагдах үе ч гарна. Бүтээмж муутай үедээ гэмшиж, өөрийгөө дотроо зэмлэх нь дараа дараагийн бүтээмжинд эергээр нөлөөлдөггүй. Хамгийн гол нь тухайн бүтээмж муутай цагаа ингээд өнгөрсөнд тооцож, бүтээмжгүй цагаас болж өөрийгөө бүтэлгүй хүн гэж сэтгэлээр дарамтлах хэрэггүй шүү. Бүтээмж муутай байдлаас гарахын тулд хэрэглэж болох өөр нэг арга нь:

Завсарлагаа урьдчилж төлөвлөх

Ажлын өдрөө бүтээмжтэй өнгөрөөхийг хүсч байвал ар, араас нь завсарлагагүй ажил төлөвлөхгүй байх хэрэгтэй. Календарийн апп дээрээ ч мөн ажлаа төлөвлөхдөө ар, араас нь хийх зүйлээ цувуулж хийх нь удалгүй та цуцаж эхлэхэд хүргэх аюултай. Хурдны зам дээр хоорондоо зай барилгүй машин барьж байгаатай яг адил юм: нэг жижиг алдаа гарах юм бол шууд ноцтой үр дүнд хүргэх магадлалтай.

Тэнцвэртэй байх

Хүн бүтээмжтэй байхын тулд оюун ухаан, бие махбод болон харилцааны хэрэгцээгээ хангаж байх ёстой. Өөрийн ажлын цагийг оюун ухаанаа сорин, шинэ зүйл сурч, мэдэж, туршиж бүтээхэд зориулахаас гадна цайны цагаараа найз нөхөдтэйгээ уулзаж хоолонд орох, хүмүүстэй ажлаас өөр сэдвээр ярилцаж, толгойгоо сэргээх нь чухал. Мөн бие махбодийн хувьд ч өөрийгөө тогтмол сэргээж байх нь чухал. Дасгал хөдөлгөөн хийх нь бие махбодийн эндорфины ялгарлыг дэмжиж, таныг сэргэг, сэргэлэн байлгахаас гадна, хийж байгаа зүйлээсээ алхам холдож, том зургаа харахад тань тусалдаг.

Эцсийн зорилгоо төсөөлөх

Ямар нэг төслийг эхлүүлэхдээ эцсийн үр дүнгээ дүрсэлж, төсөөлөх ажлыг хамгийн түрүүнд хийж үзээрэй. Эцсийн үр дүн нь ямар байхыг дүрслээд, тэндээсээ ухарч ажлаа төлөвлөвөл бариандаа яаж хүрэх үе шатууд ойлгомжтой болж ирдэг.

Унших