Цэгцтэй ажлын байр бүтээмж, бүтээлч байдал, ашигтай ажиллагааг нэмэгдүүлнэ

messy-table

Судалгаанаас үзэхэд ажлын бүтээмж ба эмх цэгцтэй, новшгүй байх хоёр шууд холбоотой аж. Эмх замбараагүй, хэрэггүй новш дүүрэн байх тусам бүтээмж ба ашигтай ажиллагаа унадаг гэнэ. 

Ажлын байрыг хамгийн ихээр новш үүсгэн, замбараагүй болгодог зүйл бол цаас юм. Олон цаасан дундаас оффисын ажилтан өөрт хэрэгтэй мэдээлэл, хуудас, тэмдэглэлээ олох гэж дунджаар 4.3 цагийг ажлын долоо хоногт зарцуулдаг байна. Жижиг дунд бизнесийн хувьд бичиг цаасны замбараагүй байдлаас харилцагчийн үйлчилгээнд доголдол үүсэх, борлуулалт ба ашгийн боломжийг алдах нь хамгийн том бэрхшээл байдаг.

Компаниудын хувьд өдөр тутам стресстэй нүүрлэдэг бөгөөд эмх замбараагүй байдал нь үүнийг улам даамжруулдаг. Тиймээс ажлын байраа эмх цэгцэнд оруулж, хэрэггүй новшноосоо салах нь ажлын бүтээмж, ашиг орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй, ажлын байран дахь стрессийг багасгах болно.

Ганцаараа гарааны бизнес эхэлж байсан ч, том оффист ажиллаж байсан ч ялгаагүй, эмх цэгцтэй болох нь дараах ач тустай:

  • Бүтээмж, ашигтай ажиллагааг сайжруулна
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангана
  • Стрессийг багасгана
  • Ажлын байранд гарах алдааг багасгана
  • Цаг хугацаа хэмнэнэ

Таны хамгийн эхний алхам бол мэдээллийн менежментийн системийг боловсруулах юм. Энэ нь зүгээр л мэдээллийг ангилах биш юм. Мэдээлэл утас, имэйл, мессэж, албан бичиг гээд олон төрлийн эх үүсвэртэй. Энэ бүгдийг нэгтгэн, ашиглаж болохуйц архивын систем гаргах нь чухал бөгөөд орж ирж байгаа мэдээллийг архивд оруулах эсвэл шууд устгалд оруулахаа шийдэж байх нь чухал.

Хаанаас эхлэх вэ?

  • Долоо хоног бүр мэдээллийг цэгцлэх цаг гаргаж сураарай. Энэ цагаа хатуу барьж, тогтмол хийж сурвал хамгийн үр дүнтэй байх болно.
  • Өдрийн төгсгөлд ажлын ширээгээ үргэлж эмхэлж заншаарай. Ажил дуусахад таны ширээний дор хаяж 80% нь харагдаж байх ёстой шүү. Өглөө нь та ажилдаа ирээд ширээнийхээ ард суухад урамтай, бүтээмж өндөртэй байх болно.
  • Ширээн дээр байгаа байнга хэрэглэдэггүй бүхнийг далд хийх, эсвэл хаях. Дараа нь хэрэг болох бүхнээ олоход амархан шүүгээнд хадгалаарай. Завгүй, замбараагүй ширээ хүний тархийг амархан ядрааж, стресстүүлдэг шүү.
  • Хэрэв та хувийн зурагны цуглуулгаа ширээн дээрээ байлгах дуртай бол ганц зураг л сонгож байрлуулаарай. Ингэснээр таны анхаарал сарнихгүй, ажилдаа төвлөрч чадах болно.
  • Хэрэв та хийгдэж байгаа ажлуудынхаа талаар мэдээллийг шууд олж авахын тулд ширээн дээрээ байлгах дуртай бол дээр дээрээс нь овоолж тавилгүй, босоо хавтаснуудад өнгөөр нь кодлож хадгалах нь үр дүнтэй байдаг. Жишээ нь ногоон хавтсанд шинэ ажлууд, улаан хавтсанд хийгдэж байгаа гол төслүүд, шар хавтсанд жижиг боловч хийгдэх ёстой ажлуудыг ангилж хадгалж болно.
  • Танд бичгээр эсвэл имэйлээр ирсэн мэдээллийг яахаа тэр дор нь шийдэж байгаарай. Ямар нэг үйлдэл хийх ёстой юу, эсвэл шууд устгах ёстой юу гэдгээ шийдсэнээр таны бүтээмж нэмэгдэх болно.

Дээрх алхамуудыг эхний удаа хэрэгжүүлсний дараа хамгийн чухал нь та тогтмол үргэжлүүлэх хэрэгтэй. Ажлын байрандаа Цэвэрхэн ширээний бодлого / аян хэрэгжүүлж, амжилттай хэвшүүлж байгаа хүмүүсийг шагнаж, урамшуулж болно.

Ажлын байраа цэгцэлснээр та стресс багатай, бүтээмж өндөртэй байх болно гэдэгийг битгий мартаарай.

Унших
Share on FacebookTweet about this on Twitter

9 төрлийн энтрепренерүүдийн зан төлөвийн онцлог

entrepreneur-personality

Бизнес эхлүүлэн эрхэлж, амжилтанд хүрэхэд маш олон төрлийн чадвар, чадавхи хэрэгтэй болдог. Бизнесийн хүмүүсийн зан чанарын төрлүүдийг хараад, танд аль аль зан чанар нь байдаг, амжилтанд хүрэхийн тулд юундаа анхаарах хэрэгтэй гэдгээ тунгаагаарай. Та Билл Гэйтс шиг Алсын хараатай мөрөөдөгч (visionary) үү, эсвэл the Body Shop-ыг үүсгэн байгуулагч Анита Роддик агсан шиг Сайжруулагч уу?

Таны бизнесийн зан төлөв гэдгээр таны хувь хүний зан төлвөөс бизнесийн хэрэгцээг хангаж чадах онцлогуудыг хэлж байгаа юм. Та өөрийн бизнесийн зан төлвөө тодорхойлж чадсанаар компанидаа хэрхэн хамгийн оновчтой хувь нэмрээ оруулахаа ойлгож, төлөвлөж чадна гэсэн үг. Ингэснээр мөн та бизнест тань таны сул талуудыг нөхөх хүмүүсийг тодорхойлж, олох боломжтой болно. 

Бизнес эрхлэгчдийн зан төлөвийг 9 төрөлд ангилсан бөгөөд тус бүрийг ойлгох нь танд компаниа хөгжүүлэхэд нэмэр болох нь лавтай. Хамгийн түрүүнд өөрийнхөө давамгай зан төлөвийг тодорхойлоод, бизнест энэ нь хэрхэн нөлөөлж байгаад дүгнэлт тавиарай.

Бизнес эрхлэгчдийн 9 зан төлөв


anita-roddick-round1. САЙЖРУУЛАГЧ:
Хэрвээ та бизнест сайжруулагчийн байр сууринаас ханддаг бол таны гол зорилго компаниараа дамжуулан орчин тойрноо сайжруулахад байдаг гэсэн үг. Таны баримталдаг гол зарчим бол: хүндтэй зорилгын төлөө ёс зүйтэй, зөв бодлого баримталж ажилладаг компанид амжилт ирдэг. Сайжруулагч хүмүүс бизнесийг зарчимтай, ёс зүйтэй удирдан явуулах өндөр чадварыг эзэмшсэн байдаг.

Анхаарах зүйл: Бүх зүйлийг төгс хийхийг шаарддаг хэцүү зантай бөгөөд ажилтан, харилцагч нартаа энэ зангаасаа болоод хэт шүүмжтэй хандах магадлалтай.

Жишээ төлөөлөл: Анита Роддик, The Body Shop-ыг үүсгэн байгуулагч

nordstrom2. ЗӨВЛӨХ: Эдгээр хүмүүс хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ маш чанартай, дэлгэрэнгүй зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж чаддаг. Зөвлөхийн баримталдаг гол зарчим: үйлчлүүлэгч, хэрэглэгчийн зөв ба бид тэдэнд ямар ч үед хамгийн дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Зөвлөх зан төлөвтэй хүмүүсийн үүсгэн байгуулсан компаниуд нь хэрэлэгчдээ төвлөрсөн бизнес болдог.
Анхаарах зүйл: Зөвлөхүүд бизнесийнхээ болон хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд хэт анхаарснаасаа болоод өөрсдийнхөө хэрэгцээг орхигдуулан, гэнэт эрч хүчгүй, “баттерей дуусах” магадлалтай байдаг.

Жишээ төлөөлөл: Жон У. Нордсторм, Nordstorm-ын үүсгэн байгуулагч

donald-trump3. СУПЕР ОД: Ийм бизнесүүдийн төвд нь эрч хүчтэй, бусдыг өөрсдөө татах увидастай супер од захирал нь байдаг. Ийм хүн бизнесээ өөрийн хувийн брэнд дээр суурилан байгуулдаг.
Анхаарах зүйл: Ийм хүмүүс шартай бөгөөд хэтэрхий өрсөлдөөнтэй, ажлаас өөр зүйл мэддэггүй болох магадлалтай.

Жишээ төлөөлөл: Дональд Трамп, Trump Hotels & Casino Resorts, АНУ-ын 45-р ерөнхийлөгч

 

Scott Adams, creator of the comic strip Dilbert, poses for a portrait with the Dilbert character in his studio in Dublin, Calif., Thursday, Oct. 26, 2006. Adams, 49, appears to be a rare example of someone who has largely but not totally, recovered from Spasmodic Dysphonia, a mysterious disease in which parts of the brain controlling speech shut down or go haywire. As many as 30,000 Americans are afflicted, typically in their 40s and 50s, experts say. (AP Photo/Marcio Jose Sanchez)

4. УРАН БҮТЭЭЛЧ: Эдгээр хүмүүс бол дуу цөөтэй, зожигдуу боловч маш өндөр бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Вэб дизайн, зар сурталчгааны агентлаг зэрэг бүтээлч сэтгэлгээ шаарддаг бизнесүүдэд ихэвчлэн байдаг. Уран бүтээлчийн хувьд ийм хүмүүс бизнесээ өөрсдийн авъяас, бүтээлч сэтгэлгээндээ тулгуурлан хөгжүүлдэг.
Анхаарах зүйл: Харилцагчаас ирсэн санаа оноог, эерэг ч байсан хамаагүй, хэт эмзэгээр хүлээн авдаг. Өөртөө байнга шүүмжтэй хандаж, сөргөөр төсөөлөхөө болих хэрэгтэй.

Жишээ төлөөлөл: Скотт Адамс, Dilbert комиксыг үүсгэгч

bill-gates5. АЛСЫН ХАРААТАЙ МӨРӨӨДӨГЧ (Visionary): Энэ төрлийн хүмүүсийн бизнес нь үүсгэн байгуулагчийнхаа ирээдүйг харах хараа, бодол дээр тулгуурласан байдаг. Ийм хүмүүс ертөнцийг ойлгох маш их хүсэл, сониуч зантай бөгөөд болзошгүй эрсдэлүүдээс хамгаалах төлөвлөгөөг боловсруулдаг.
Анхаарах зүйл: Алсын хараатай мөрөөдөгчид заримдаа мөрөөдөлдөө хэт автаад бодит байдлыг орхигдуулах магадлалтай байдаг. Алсын харааг дагаад ямар нэг үйлдэл, төлөвлөгөөт арга хэмжээ байх ёстойг санаарай.

Жишээ төлөөлөл: Билл Гэйтс, Microsoft компанийн үүсгэн байгуулагч

gordon-moore6. ШИНЖЭЭЧ: Шинжээч төрлийн хүний бизнес нь асуудал, бэрхшээлийг системтэй, дэс дараалалтай шийдэхэд төвлөрдөг. Шинжлэх ухаан, инженерийн болон компьютерийн компаниудын гол тулгуур болдог ба Шинжээчээр ахлуулсан компаниуд асуудалд шийдэл олохдоо гаргууд байдаг.
Анхаарах зүйл: Шинжилгээнд баригдаад хөдөлгөөнгүй болох магадлалтай. Бусдад итгэх чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.

Жишээ төлөөлөл: Гордон Мүүр, Intel-ийг үүсгэн байгуулагч

malcolm-forbes7. ГАЛТ БӨМБӨГ: Галт бөмбөг төрлөөр удирдуулсан компани нь амьдрал, эрч хүч, өөдрөг үзлээр бялхаж байдаг. Ийм компани нь амьдралд эрч хүч өгдөг ба хэрэглэгчдэд энэ компани бол хөгжилтэй, “чадна, хийнэ” гэсэн хандлагатай гэсэн сэтгэгдэл төрүүлдэг.
Анхаарах зүйл: Заримдаа хэт их ажлыг багтаа авах, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандах магадлалтай. Сэтгэлийн хөөрөл ба төлөвлөлт хоёрыг сайтар хослуулах хэрэгтэй.

Жишээ төлөөлөл: Малколм Форбс, Форбс сэтгүүл

jack-welch8. БААТАР: Энэ төрлийн хүмүүс бизнес болон орчин тойрноо ямар ч саад бэрхшээл, хэцүү үеэр удирдан гарах чадвартай. Ийм хүмүүс бизнес эрхлэхдээ гаргууд бөгөөд гайхалтай компаниудыг байгуулж чаддаг.
Анхаарах зүйл: Хэт их амлалт өгөх, өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд муйхар тактикууд хэрэглэх нь урт хугацаандаа амжилтанд хүргэхгүй. Амжилтанд хүрэхийн тулд өөрийн манлайлах чадвараа ашиглан бусдыг хөгжүүлж, туслахад анхаар.

Жишээ төлөөлөл: Жэк Уэлч, General Electric

ben_cohen9. АНАГААГЧ: Анагаагчид бизнестээ тэнцвэртэй эрх тэгш байдал, дэмжлэгээр дүүрэн орчин бүрдүүлэхэд анхаардаг. Ийм хүмүүс маш тайван, амгалан дотоод ертөнцтэй бөгөөд энэхүү дотоод хүчээрээ бэрхшээлийг даван туулж, тууштай байж чаддаг.
Анхаарах зүйл: Бизнестээ анхаарал тавьж, тордон, арчилах хандлагаасаа болоод та бизнесээсээ гадуурх бодит байдлыг үл хайхран, орчноосоо тасрах магадлалтай. Болзошгүй асуудал, бэрхшээлд урьдчилж төлөвлөх нь чухал.

Жишээ төлөөлөл: Бэн Көэн, Ben & Jerry’s Ice Cream-ийг хамтран үүсгэн байгуулагч

Эдгээр зан төлөвүүдийн аль аль нь өөрийн үнэт зүйлсдээ тууштай байвал бизнест амжилтанд хүрч чадна. Өөрийн зан төлвийн давуу, хүчтэй талуудыг тодорхойлж мэдэх нь таны бизнест маш чухал. Баг бүрдүүлэх үед зав төлвөө сайтар мэдэх нь хамгаас чухал. Ганцаараа бизнес эрхэлж байгаа бол таны зан төлвийг нөхөж, тэнцвэржүүлэх ямар хүнтэй хамтарч болох вэ гэдгийг та эндээс ойлгож бас болно.

Унших
Share on FacebookTweet about this on Twitter

Интровертууд хэрхэн амжилттай нетворкинг хийх вэ

networking

Экстраверт хүмүүс олны дунд орж шинэ хүмүүстэй танилцаж ярилцаж амьд харилцаанаас эрч хүч авч ‘цэнэглэгддэг’ бол интровертууд буюу бидний ярьдагаар дотогшоогоо хүмүүс ийм тохиолдолд ядарч, эрч хүч нь шавхагдаж ‘цэнэггүй’ болдог. Интровертүүд хүнтэй танилцаж нөхөрлөж нетворкинг хийх мэдээж дуртай ч, тэдэнд шинэ хүнтэй яриа өдөн танилцах алхам хийх тийм ч амар байдаггүй. Тэд ихэнхдээ өөрийгөө хүчлэн байж олон хүнтэй арга хэмжээнд оролцдог ба хүмүүстэй ярьж эхлэх нь тэдний хувьд аймшигтай санагддаг. Үүний оронд тэд гэртээ ганцаараа хүссэн юмаа хийгээд сууж байх хамаагүй дуртай байдаг. Гэвч амжилтанд хүрэх хүсэлтэй хүн бүхэнд янз бүрийн арга хэмжээнүүдэд очин нетворкинг хийж олны дунд орж, танилын хүрээгээ
тэлэх нь маш чухал.

Хэрэв та интроверт нэгэн бол нетворкинг хийхэд тань туслах 6 энгийн зөвлөгөөг өгье: 

1. Төлөвлөгөө гарга.

Том хурал семинар дээр хэнтэй танилцаж нетворк хийхээ төлөвлөөд байх нь хэцүү ч ихэнхи хурал уулзалтын арга хэмжээг зохион байгуулж буй байгууллагууд гол зочид оролцогч нарын товч намтар танилцуулгыг мэдээлэлдээ оруулсан байдаг. Тэгэхээр та иймэрхүү уулзалтанд явахаасаа өмнө гол танилцана гэж товлосон хүнийхээ тухай мэдлэгтэй болсон байхад нетворкинг-д маш нэмэр болдог.

2. Ярих юмаа бэлд.

Том хурал уулзалт дээр хүмүүс танилцахдаа танаас давтагдсан асуултууд ихээр асуух болно, та ч танилцсан хүн болгоноос тодорхой хэдэн төрлийн асуултаа асуух болно. Тэгэхээр та өөрийгөө хэн
гэдгээ танилцуулах, ямар ажил эрхэлдэг, үндсэн ажлаасаа гадуур хийж байгаа эсвэл хийхийг зорьж байгаа хувийн төсөл, яагаад энэ хуралд оролцох болсон гэх зэргийг маш товчоор бас сонирхолтойгоор яаж хэлэхээ бодож бэлтгэсэн байхад амар байдаг. Танилцсан хүн бүрээсээ бас эдгээр мэдээллүүдийг авахыг бод.

3. Санаачлагыг гартаа ав.

Таны оролцож буй арга хэмжээнд хүндэлж явдаг олны танил тань байвал боломжийг алдалгүй өөрөө очоод танилцаад ав. Тантай тоож юм ярихгүй гэж битгий дэмий ай, зориглоод өөрийгөө танилцуул, тэр хүн чинь маш энгийн бас найрсаг байх магадлал өндөр шүү. Хэрэв та өөрөө санаачлага гарган танилцахгүй тэр боломжийг өнгөрөөвөл дахиж хэзээ ч тийм сайхан боломж олдохгүй байж магад шүү дэ.

4. Танилцах боломж олго.

Интровертүүд арга хэмжээний үеэр өөрийн мэдэлгүй хүмүүстэй танилцахаас зугтах нь элбэг. Энийг өөрчлөхийн тулд өөртэйгөө бага зэрэг ажиллах шаардлагатай. Яаж гэхээр:
Танилцах хүсэлтэй байгаа хүнтэйгээ харц тулгарахыг оролд. Танилцах сонирхолтой байгаа хүнтэйгээ ойрхон зогс, тэгээд боломж олдонгуут танилц. Завсарлагаа, кофе цай уух зуур хажууд нь сууж/зогсохыг бод. Утсаа халаасандаа юмуу цүнхэндээ орхи, имэйл шалгах болон
сошиал медиа орохоо дараа нь хий.

5. Аль болох олон хүнтэй харилц.

Интровертүүд ихэнх нетворкингийн хугацааг ганц хоёр хүнтэй л гүн яриа удаан өрнүүлж өнгөрөөх талтай байдаг. Ингэснээр маш олон хүнтэй танилцах сайхан боломжоо алддаг. Мэдээж нэг хүнтэй хэр удаан ярих нь зүйтэй гэсэн дүрэм байдаггүй ч аль болох олон хүнтэй танилцаж танилын хүрээгээ тэлэхийг хичээх хэрэгтэй. Хөдөлгөөнтэй байж, байршлаа сольж, ширээ суудал хэсч,
өөр хүмүүстэй танилцах боломжоо нэмэх хэрэгтэй.

6. Түр завсарлага авч амар.

Олон хүнийг хамруулсан арга хэмжээн дээр интровертүүд их ядардаг. Таны цэнэг чинь дуусч байгаа мэт санагдвал жаахан амсхий. Түр гадагш гарч ганцаараа агаар амьсгалаад (зарим хүмүүс бол тамхилаад) ирж болно шүү дээ. Гол нь өөрийгөө анзаарч, бүр ядрахаасаа өмнө арга хэмжээ авбал ядарч хашрахгүй нетворкинг хийх боломжтой.

За тэгэхээр санаачлагыг гартаа аваад, гараа сунгаад, инээмсэглээд урагшаа! Ямар ч гоё шинэ танилтай болох юм билээ, таны ирээдүйн сайн найз чинь эсвэл түнш чинь ч байх юм билүү :).

Унших
Share on FacebookTweet about this on Twitter

Өндөр амжилтад хүрсэн хүмүүс өдрийн цайгаа яаж өнгөрөөдөг вэ

lunch

Цайны цагаа аль болох үр ашигтай өнгөрөө
Та ихэвчлэн өдрийн хоолоо ширээнийхээ ард хам хум идсэн болоод л өнгөрөөдөг үү? Хааяа нэг ойрхон гарч гялс юм идэх үедээ утастайгаа наалдаастай байсаар байгаад л таардаг байх тиймүү. Аа заримдаа бүр цайндаа орох ч үгүй ажлаа хийсээр өдөр өнгөрчихсөн байдаг байж магад.
Өдрийн цайны цаг нь таны ажлын бүтээмж ба эрч хүчид нэн чухал гэж мэргэжилтнүүд онцолжээ. Цайны цагаа ажиллаж эсвэл яарч сандран өнгөрөөх нь таныг амжилтад хүрэхэд саад болох магадлалтай.

“Цайны цаг бол таны дахин төвлөрч, эрч хүчээ цэнэглэж авах боломж юм” гэж олон улсын бизнесийн илтгэгч, The Humor Advantage номын зохиолч Майкл Керр хэлсэн байна. Хөлбөмбөгийн баг эхний хагасын завсарлагаар багаараа цуглан, дүгнэлт, төлөвлөгөө ярилцдагтай адил, амжилтад хүрсэн хүмүүс өдрийн цайны цагаараа өдрийн үлдсэн хагасын төлөвлөгөөгөө гаргадаг.
Өндөр амжилтанд хүрсэн ихэнх хүмүүс өдрийн цайны цагаа ажлын ширээнийхаа ард өнгөрөөдөггүй. Тэд аль болох шинэ хүмүүстэй танилцаж уулзах, дасгал хийх эсвэл юм уншихад тэр цагаа зарцуулдаг. Ширээний ард өдөржин босохгүй суух нь таны бэлхүүсний хэмжээг л томосгоход нэмэр болохоос биш ажил амжуулaхад нэмэр болоод байдаггүй.

Амжилтанд хүрсэн хүмүүс өдрийн цайны цагаар хийдэг 15 зүйл:

1. Өдрийн төлөвлөгөөндөө цайны цагаа ч оруулдаг

Амжилтанд хүрсэн хүмүүс хэзээ ч чухал уулзалт хурлыг цайны цагтай давхцуулж хийдэггүй. Мөн тэд цайны цагийн дараа 10 минутыг өөртөө зориулж өдрийн хоёр дахь хагасынхаа төлөвлөгөөг гаргадаг.

2. Тэд ширээний араас босоод, гардаг

Гарч амжихгуй мэт их ажилтай байгаа үе байсан ч ширээнээсээ хэдхэн минутаар ч байсан заавал босч холд. Үнэхээр цайны цагийг ажиллаж өнгөрөхөөсөө өөр сонголтгүй байгаа бол ядаж орчноо сольж ажиллах нь бүтээмжид тань эерэгээр нөлөөлөх болно.

3. Тэд танилын хүрээгээ тэлдэг

Долоо хоногтоо дор хаяж нэг өдрийг ажлынхаа өөр өөр хүнтэй өдрийн цайндаа орох шинэ хүнтэй танилцаж, нэтвөрк хийхийг зорь. Зүгээр сонин сайхан солилцох, шинэ мэдээлэл авахын аль нь ч байсан танд маш хэрэгтэй. Ингэснээр та байгууллагынхаа талаар шинэ юм мэдэж авахаас гадна шинэ найзтай эсвэл зөвлөгөө авах шинэ хүнтэй болох нь бараг л баталгаатай.

4. Эмх цэгцэд оруулахад ашигладаг

Цайны цагийг ашиглан хувийн амьдралдаа хийх хэрэгтэй байгаа ажлын жагсаалтаа гаргаж, жагсаалтнаасаа бас ганц нэгийг хороох ч боломжтой. Хувийн амьдралаа зөв цэгцтэй байлгаснаар та стресс багатай, сэтгэл ханамж дүүрэн байх ба ажлын орчинд бүтээмж өндөртэй байх суурьтай болно.

5. Тэд цайны цагаар өдрийн хоолоо иддэг

Маш их хүн амжихгүй эсвэл зугээр л өлсөж амжаагуй байгаа учраас өдрийн цайгаа уулгуй өнгөрөөх тал байдаг. Ингэхгүйг хичээж жоохон ч гэсэн юм идэх нь зүйтэй байдаг. Өдрийн дунд, өглөөний цайнаас хэдэн цагийн дараа юм идэх нь таны биеийг дахин цэнэглэж анхаарал төвлөрөлд маш сайнаар нөлөөлдөг юм.
Нэг л нозоороод, залхуу хүрээд байвал хөнгөн хоол идэх нь танд хүч өгч дахиад хэдэн цаг бүтээмжтай ажиллах эрчтэй болгож өгдөг юм байна.

6. Тэд эрүүл бөгөөд анхааралтай хооллодог

Өндөр амжилтад хүрсэн хүмүүс эрүүл бөгөөд анхааралтай хооллодог. Тэд хоолыг амтархан яаралгүй, удаан болон юу идэж байгаадаа анхаарч иддэг. Хоолондоо анхаарахгуй хам хум идэх, түргэн хоол идэх нь таны эрүүл мэндэд цаашдаа сөрөг нөлөө үзүүлэхээс гадна стресс нэмж, үдээс хойш төвлөрөхөд тань хэцүү болгодог.
Эрүүл хоололтын мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар өөх тос болон чихэр ихтэй хүнс хүний нойрыг хүргэж эрч хүчийг бууруулдаг. Ингэснээр анхаарал төвлөрөл болон ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөх болно.

7. Тэд дасгал хийдэг

Цайны цагаараа дасгал хийхэд эрч хүчээр цэнэглэгдэж өөртөө сэтгэл ханамж өндөр болдог. Тогтмол дасгал хийх нь эрүүл мэндэд тустайгаас гадна стресс багасгаж, анхаарал төвлөрөл сайжруулдаг. Тэгэхээр ажлын бүтээмжид яах аргагүй сайнаар нөлөөлж байгаа биз.

8. Өглөөний ажлуудаа дүгнэдэг

Өдрийн цайны үеэр өглөөнөөс хойш юу хийж амжуулсанаа дүгнэх хамгийн тохиромжтой цаг. Хийж дуусгасан ажлууд байвал өөртөө урам өгч, өдрийн үлдсэн хагасыг үр бутээмж өндөртэй өнгөрөөх урмыг өгдөг.
Хэрэв та өглөөг хэцүүхэн өнгөрөөсөн бол өдрийн цайны цагаар сэргэж, өдрийн хоёр дахь хагасыг шинээр эхлэхийг зорь.

9. Тэд уншдаг

Амжилтад хүрсэн хүмүүс өдрийн цайгаа ажлын имэйл юмуу тайлан уншиж өнгөрөөдөггүй. Тэд цайны цагаа сонин, блог ба ном уншихад зориулдаг. Дуртай юмаа уншиж, орчноосоо хэсэг ч болтугай салснаар та тархиа амрааж, өөрийгөө цэнэглэнэ.

10.Амжилтад хүрсэн хүмүүс өдрийн цайны цагаараа хувийн ажлуудаа амжуулдаг

Учир нь тэдэнд ажлын цагаар хувийн асуудалдаа цаг зарцуулах боломж гардаггүй. Тэд цайны цагийг ашиглан утасаар ярих, үсчинд цаг авах, тэмдэглэл хөтлөх зэрэг хувийн ажлуудаа амжуулж авдаг, мэдээж хоол идсэнийхаа дараа.

11. Тэд хийх дуртай юмандаа цаг гаргадаг

Амжилтад хүрсэн хүмүүс цайны цагаа хамгийн хийх дуртай юмандаа зарцуулах нь бий, найзтайгаа уулзах, дэлгүүр хэсэх эсвэл парк орох гэх мэт. Энэ бүгд ажлаасаа толгойгоо амрааж жижигхэн амралтанд яваад ирсэн юм шиг цэнэг өгдөг байна. Мэдээжийн хэрэг өдөр болгон цайны цагаараа зугаалаад бай гэсэн үг биш, харин хааяа нэг найзтайгаа уулзаж хоол идэх юмуу дуртай дэлгүүрээр ороод гарах нь таны бүтээмжид эерэгээр нөлөөлөх байх.

12. Тэд төхөөрөмжүүдээ унтраадаг.

Өдрийн цайны үеэр компьютэр болон бусад электрон төхөөрөмжүүдээсээ салж, анир чимээгүйд амарч ав.

13. Тэд ирээдүйн карьертаа зорилт гаргадаг

Өдрийн цайны цагаар өөрийн ирээдүйн мэргэжлийн өсөлт зорилтуудаа бодон бичиж ав. Өндөр амжилтад хүрсэн хүмүүс оффисын цагаар үүнийг хийх ямар ч зав гардаггүй. Тэмдэглэлийн дэвтэр дээрээ ирээдүйн төлөвлөгөөгөө бичиж авах хэсэг гарга. Тэгсэний дараагаар зорилтдоо хүрэхэд хийх ёстой эхний алхамаа тодорхойл.

14. Тэд брэйнсторм хийдэг

Амжилтанд хүрсэн хүмүүс энэ цагаа шинэ санаа концэпц бодож олох, ажил болон/эсвэл хувийн амьдралдаа хэрэгжүүлж болох шийдлүүдийг боловсруулахад зарцуулдаг.

15. Тэд үдээс хойшхи ажлаа төлөвлөдөг

Цайны цагаа ажлын талаар юм бодохгүй завсарлага авах хэрэгтэй ч, үдээс хойш хийх зүйлсээ төлөвлөх цөөхөн хэдэн минутыг бас өөртөө гаргах нь чухал. Ингэснээр цайны цагийн дараа урам зориг дуурэн ажилдаа шумбан орох болно.

Унших
Share on FacebookTweet about this on Twitter

Цаг ухраан, өвлийн цагийн хуваарьт шилжихэд өөрийгөө бэлдэх 4 арга

daylight-saving-time-behind

Цагийн өөрчлөлтөөс үүдэх нозооролтоос сэргийлэхийн тулд ердийн дэглэмээ үргэлжлүүл

Ихэнх хүмүүс цаг ухраасны дараа хэсэгтээ өглөө нэг цагаар илүү унтаж амарна гэж баярладаг. Гэвч энэ нь үнэхээр тийм ч ашиг тустай байж чаддаггүй. 

Мэдрэлийн эмч болон нойрны мэргэжилтнүүдийн ажигласнаар хавар, намрын цагийн өөрчлөлтүүд хүмүүсийн дэглэмийг яах аргагүй өөрчилдөг ба хүний бие махбодь энэ өөрчлөлтөд дасахад долоо хоног орчим болдог байна. Дасах хүртлээ нэг хэсэгтээ өмнөхөөсөө илүү орой унтаж, сэрэх нь хэцүү байдаг. Хавар нэг цаг алдах нь бүр ч илүү асуудалтай байдаг аж.

Ихэнх асуудал нь зан араншин, үйл хөдлөлд сөргөөр нөлөөлдөг. Орчин үед ихэнх хүмүүс нойрны дутагдалтай байдаг. Нэгхэн ч болов цаг хойш урагш болгох нь ядарсан биед нь улам л дарамт өгдөг.

Цагийн өөрчлөлтийн аюулууд

Зарим тохиолдолд цагийн өөрчлөлт аюултай байж болно. Хэрвээ таны нойрны мөчлөг хэмнэлгүй болсон, жолоо барих нь маш буруу. 2001 оны АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Институтын судалгаанаас харахад цаг шилжүүлсний дараах хамгийн эхний Даваа гарагт зам тээврийн осол өсдөг байна. Зарим судалгаанаас үзэхэд хүн өөрийгөө ядарч байна гэдгээ ухаарах үедээ аль хэдийнэ нүд нь анилдсан байдаг. Хэрвээ яг энэ үедээ 60 км/цаг-ийн хурдтай машин барьж байгаа бол аюултай байх нь ойлгомжтой. Эсвэл байрны дундуур, хүүхдүүд гэнэт гүйлдэж гарч ирж болзошгүй хэсгээр явж байна гээд боддоо. Ширээнийхээ ард зүүрмэглэхээс хамаагүй ноцтой асуудал шүү.

2012 оны судалгаанд цаг шилжүүлсний дараах Ням ба Даваа гарагуудад зүрхний шигдээсийн тохиолдол ердийнхөөс 10 хувиар өсдөг байна.

Цаг шилжилтийн дараах өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дараах 4 зөвлөмжийг даган хамгаалаарай.

1. Аажмаар шилжих

Хэдийгээр намрын цагийн шилжилтэнд бие дасах нь харьцангуй амар байдаг боловч долоо хоногийн өмнөөс унтлагын цагаа өдөр болгон 10-15 минутаар өөрчилж биеэ дасгаж эхлэвэл өөрчлөлт таньд бараг мэдрэгдэхгүй байх болно. Хаврын цаг шилжүүлэх үед харин үүнийг сайн дагавал ядрах нь хамгийн бага байх болно.

2. Дэглэмээ бүү өөрчил

Намрын цаг шилжилтэд аль болох дэглэмээ өөрчлөхгүйгээр орох нь сайн. Та өглөө 7-гоос босдог бол, цаг шилжих үед ч ялгаагүй дассан цагтаа босоорой.
Мөн өөрийн хооллох, унтах болон дасгал хөдөлгөөн хийх дэглэмээ тогтмол үргэлжлүүлээрэй. Биеийн температур нэмэгдсэн үед нойр хүрэхгүй байдаг тул орондоо орохын өмнөх 4 цагийн дотор аль болох дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь зүгээр.

3. Орой буюу үдшийн тогтсон дэглэм, зуршилтай бол

Орондоо орохоос өмнө хийдэг дэглэм зөвхөн хүүхдүүдэд ч биш, томчуудад ч хэрэгтэй. Заавал тогтсон дэс дараалалтай дэглэм байх хэрэггүй ч аль болох биеэ амраахад бэлддэг дэглэмтэй болох нь чухал. Гэрлээ бүдэгрүүл. Усанд орох бол халуун биш бүлээн усанд орох хэрэгтэй. Гар утас, таблет, компьютер, ТВ зэргээ унтраагаад түгшүүргүй, нойр хульжаахгүй ном уншаарай. Унтах цаг дөхөх тусам дэлгэцнээс холдох хэрэгтэй. Электрон дэлгэцүүдийн хурц туяа нь хүний унтах, амрахад чухал гормон болох мелатонины ялгарлыг бууруулдаг. Дэлгэцний туяа нь таны тархийг идэвхжүүлж, өдрийн гэрэлд унтахтай адил хэцүү болгодог байна.

4. Өдөр хэт уртаар унтахаас зайлсхий

Ядарч байх үед өдөр боломжоороо унтмаар байх үе гардаг. Гэвч өдөр удаан унтвал бүтэн шөнийн нойртой амрахад хэцүү болдог. Бидний бие махбодь нойрны мөчлөгийг тэнцвэртэй барихыг байгалиасаа хичээдэг. Өдрийн цагаар удаан унтах нь энэхүү нойрны мөчлөгийн хэмнэлийг алдагдуулж, шөнө бүтэн амрахад илүү хэцүү болгодог. Өдөр нозоороод байвал наранд гарч тархи, биеэ сэргээн идэвхжүүлэх нь таны бие махбодийн дотоод цагийг зөв тааруулж өгөх болно.

Ямар ч тохиолдолд нэг цагийн өөрчлөлт гарах тул та энэ өөрчлөлтийг өөрийнхөө хуваарь, дэглэмд тооцоолон оруулах нь чухал шүү. Аль болох дэглэмээ барьснаар та цагийн зөрүүнд ажрахгүй байх болно.

Унших
Share on FacebookTweet about this on Twitter

Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж

blogsept18

Амралтын өдрүүдээр бид маш олон зүйлийг хийж, амжуулна даа гэж төлөвлөх нь элбэг. Тэгээд Ням гарагийн орой ирэхэд бодож, төлөвлөсөн 15 зүйлээсээ ганц хоёрыг л амжуулсандаа сэтгэл дундуур амралтаа дуусгах бол түгээмэл зүйл. Ингээд амралтын өдрүүдээ илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах 10 зөвлөмжийг хуваалцая. 

1.Ажлын өдрүүдэд хэрэглэдгээс өөр чадвар, чадавхиа хэрэглэ, хөгжүүл

Ажлын өдрүүд ихэнх хүмүүсийн хувьд давтагдмал, хэвшмэл үйлдлээс бүрддэг. Амралтын өдрүүдэд харин шал өөр зүйлс хийх нь бүтээмж, таны хувийн аз жаргалд эергээр нөлөөлөх болно. Байнга хийдэг зүйлсээсээ өөр юм хийх нь тархины нейроныг өөрчилдөг ба ингэснээр таны сэтгэх, юмыг өөр өнцөгөөс харах, хийх чадвар хөгждөг байна. Хөгжмийн зохиолчид ая зохиох үедээ орсон гацаанаасаа гарахын тулд тоглож байгаагаасаа өөр зэмсэгээр аяа дарж үзэх нь элбэг. Өөр зэмсэг ашигласнаар тэд “асуудлыг” өөр өнцөгөөс харах боломжтой болдог.

2. Бүх юмыг хийх гэж бүү оролд

Хэрэв та амралтын өдрүүдээр хийх 20 зүйлийн жагсаалт гаргаад сууж байгаа бол та анхнаасаа бүтэхгүй төлөвлөгөө гаргаж байгаа гэсэн үг. Хийх ёстой ажлуудаа хамгийн чухлаас нь эхлээд эрэмбэлж үзээд, хамгийн чухал гэсэн хоёр гурван зүйл дээр л анхаараарай. Хамгийн чухал эсэхийг тодорхойлохын тулд тухайн ажилд шаардагдах ажиллагаа ба үр өгөөжийг тооцоолж, харьцуулаарай. Зарим ажил их ажиллагаатай боловч, үр өгөөж багатай байдаг. Хажууд нь ижил ажиллагаа шаардах боловч үр өгөөж нь хамаагүй илүү ажлыг хийсэн нь дээр бизээ.

3. Сэрмэгцээ өдрөө эхлүүл

“Эрт босвол нэгийг дуулна” гэдэг хоосонгүй хэллэг. Үр бүтээмжтэй байх талаар зөвлөмж, нийтлэл болгон л эрт босохыг чухалчилдаг. Мэдээж орой нь хангалттай эрт орондоо орсон байх ёстой. Ямартай ч сэрсэн даруйдаа шууд босож сурах хэрэгтэй. Босонгуутаа өдрийг эрчимтэй эхлүүлэх ямар нэг зүйл хийгээрэй: дасгал хөдөлгөөн хийх, гэрээ цэвэрлэх зэрэг. Ингэж өдрийг эхлүүлэх нь тэр өдрийн хэмнэлийг тогтоодог.

4. Тархиа амраа

Танд заавал хийж дуусгах ёстой ажлууд байхгүй бол тархиа амраах нь таны цаашдын бүтээмжид хэрэгтэй шүү. Явган аялал хийх, гудамжаар алхах, бясалгал хийх гээд тархийг амрааж, сэргээх төрөл бүрийн зүйлс байдаг. Бясалгал хийж сурахад тань туслах курс, гар утасны Headspace, Calm зэрэг олон аппликэйшнүүд байдаг.

5. Нойроо нөхөж ав

“Нойрны өр” гэж ярьдаг нь үнэхээр бодит зүйл юм. Нойрны өртэй байхад та байнга ядранги байхаас гадна байнгын нойр дутуу явснаар илүүдэл жин нэмэх, зүрхний эмгэг, чихрийн шижингээр өвдөх магадлал илүү өндөртэй болдог байна. Хэрэв та ажил ихтэй байгаад нэг долоо хоногт нийт унтах цагаасаа 10 цаг хумсалсан бол амралтын өдрүүдээр 4 цагийг нь нөхөөд дараагийн ажлын өдрүүдээр өдөр болгон нэг нэг цагийн эрт унтаж нөхөх нь хамгийн үр дүнтэй байдаг байна. Мэдээж байнга ингэж нойроо нөхөхгүйгээр тогтмол 7-8 цагийн нойртой байх нь хамгийн эрүүл зуршил шүү.

6. Хүсэж байгаа ажилдаа бэлд

Ажлын өдрүүдээр та одоо хийж байгаа ажлаа л хийдэг. Амралтын өдрүүдээр та харин хийхийг зорьж байгаа ажилдаа бэлдэж шинэ чадвар, чадавхиа хөгжүүлээрэй. Албан тушаал дэвших, шинэ ажилд орох аль нь ч бай өөр өөрийн гэсэн чадвар, мэдлэг шаардах тул та үүнд бэлдэн судалгаа хийж, өөрийгөө хөгжүүлэх хамгийн зөв үе бол амралтын өдрүүд шүүн.

7. Аль нэг өдрийг нь ажлаас ангид өдөр болгоорой.

Ажил амралтаа зөв зохицуулах нь хүн болгонд чухал. Харин та амралтын өдөр ч ялгаагүй ажлын имейлээ шалган, амжаагүй ажлаа дуусгахаар суудаг бол амралтын хоёр өдрийн ядаж нэгийг нь ажилтай огт холбоогүй өдөр болгох зарчимыг хэрэгжүүлээрэй.

8. Хэрвээ үнэхээр ажиллах хэрэгтэй байгаа бол өөртөө цагийн хязгаар тавь

Амралтын өдрүүдэд 6 гэж ажил тардаггүй болохоор бид гэрээсээ ажиллахдаа замбараагүй хандах нь байдаг. Нэг мэдсэн Бямба гарагийн оройн 9 цагт дуусаагүй сууж байж магадгүй. Ажилдаа анхаарлаа хандуулах 1-2 цагийг яс гаргаад түүнийгээ дуусмагц ажил дууссан үгүйгээс үл хамааран нэгдэхийн өглөө хүртэл нөүтбүүкээ унтрааж сурах нь чухал. Ингэж чадахгүй байгаа бол зарим хүмүүс нөүтбүүкээ цэнэглэгч кабельгүйгээр нь авч яваад, баттерей нь дуусч унтрахаар нь ажлаа завсарладаг. (Мэдээж таны нөүтбүүк удаан барьдаг баттерейтэй байвал өөр зүйлээр цагаа баримжаалаарай)

9. Сайн үйлсэд нэгд

Бусдын сайн сайхны төлөө ажиллах нь хүнд сэтгэл ханамж өгөхөөс гадна, бусадтай харилцаж, хүмүүст туслан, тэдэнтэй харьцсанаар таны амьдралыг харах өнцөгийг шинэчилж өгдөг. Амралтын өдрүүд нь ямар нэг сайн үйлсэд сайн дураараа оролцох хамгийн тохиромжтой үе. Байгаль орчин, ядуурал, эрүүл мэнд гээд олон төрлийн асуудалд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааг хувь хүмүүс ба байгууллагууд ихээр явуулдаг болсон.

10. Ням гарагийн оройг хөгжилтэйгээр өнгөрүүл

Ням гарагийн үдэш та өөрийн дуртай зүйлээ хийж сураарай. Тэгснээр та Ням гарагийн орой дөхөхөөр дотор харлах биш харин ч дуртай зүйлээ хийнэ гэж битүүхэн баярладаг болно. Game of Thrones үзэх, ном унших, шинэ хоолны жор турших, бясалгал хийх гээд танд юу хамгийн хөгжилтэй, гоё байдаг тэрийгээ хийгээрэй. Мөн өнгөрсөн долоо хоногийнхоо талаар бодож, дүгнэх хугацаа гаргаж болно. Юуг амжилттай хийсэн, юунд та баяртай байгаа, ирэх долоо хоногийг яаж илүү үр дүнтэй болгох талаар бодож болно. Ингэснээр та маргааш өглөөний имэйлүүдээ бодож өөрийгөө ядраахгүй, тайван, өөдрөг зорилготойгоор орондоо орох болно.

Унших
Share on FacebookTweet about this on Twitter

Амралт дуусаад ажилдаа эргэн ороход мэдэхэд илүүдэхгүй 9 зөвлөгөө

back-to-work-blues

Өчнөөн өдөр үд болтол унтаж, дуртай кино сериалуудаа ар араас нь үзэж амралт зугаалганд явж агаарт сайхан хэвтлээ. Дуртай юмаа хийгээд жаргаж байтал нэг л өдөр ажилдаа буцаж орох цаг болсон гэдэг ухаарал толгой дээр тоосго унаж буй мэт л ирнэ. Тэгэхээр амралтаас ажилд шилжих мөчийг хэн ч хүсэн хүлээдэггүй ч зугтах бас арга байхгүй юм даа. Доорхи есөн зөвлөгөө танд  ажлын хэмнэлдээ төвөггүй ороход туслах болно. 

1.Ажлын орчноо цэгцэл.

Ширээн дээр овоорсон бичиг баримт, уншиж хариулах и-мэйлүүд таныг угтаж авах нь тодорхой. Эдгээр ажлуудаа тэр даруйд нь бариж аваад хэдэн минут зарцуулаад янзалчихсан нь дээр. Дараа амжуулна гэж бодоод хойшлуулаад байвал долоо хоногийн эцэст хийгдээгүй байж л байх магадлал тун өндөр.

2. Календариа нягтлан шалга.

Олон хоног амарсан тул ажил дээр яг юу болж байгаа талаар толгойгоо сэргээх хэрэгтэй байх. Ойрын хэд хоногт ямар уулзалтууд байна, дуусах хүгацаа нь дөхсөн ажил төслүүд болон өөр анхаарах зүйлс юу байна гэх зэргийг ажлын календариасаа хар. Ингэснээр та ирэх өдрүүдэд бэлтгэлтэй байх бөгөөд харилцагчтай уулзах уулзалтанд бэлтгэлтэй, тайлангаа ч цагт нь өгч чадна.

3. Имэйлээ цаг тооллын дарааллаар битгий унш.

Имэйлийг ирсэн огноогоор нь унших биш сэдвээр нь эсвэл бичсэн хүнээр нь ангилж уншвал дээр. Яагаад гэвэл таныг байхгүй хооронд юу болсныг мэдэх нь хэзээ болсон гэдгээс хамаагүй хэрэгтэй байх болов уу. Ингэснээр хуучирсан мэдээлэл агуулсан хэрэггүй болсон имэйлүүдийг устгахад амар бас хурдан болдог.

4. Хийх ажлуудаа чухал эсэхээр нь эрэмбэл.

Та амрах үеэр тань ирсэн имэйлүүд, захиа мэссэжүүдийг шалгаж дуусаад амрахаасаа өмнө юу юун дээр ажиллаж байснаа бүгдийг нь санана. Толгойндоо орсон эхний ажлаа барьж авч хийхийн оронд аль нь илүү чухал вэ гэдгийг эхлээд бод. Амралтаа авахаас өмнө ямар төслүүд дээр ажиллаж байсан бэ? Ажилдаа орсон эхний өдөр амжуулах хамгийн чухал 5 зүйлс юу вэ?

5. Нэг зэрэг олон юм хийхгүй байх.

Амарч алдсан хугацаагаа нөхөхийн тулд нэгэн зэрэг гурав дөрвөн юман дээр ажиллаж эхэлмээр санагдах байх. Гэвч ингэх нь үр дүнтэй шийдэл биш байдаг. Та зүгээр л өөрийгөө стрессдүүлж будилуулж орхино! Тэгсний оронд сайтар төвлөрөөд нэг удаад нэг л ажил/даалгавар амжуулахыг хичээ. Дөнгөж сайхан амарч ирчихээд өөрийгөө стрессдүүлж бухимдуулах ямар хэрэг байна тийм үү?

6. Сатааруулдаг зүйлсээс холд.

Амралтнаас ажил уруу шилжихийг амар болгохын тулд сатааруулдаг зүйлсээс ангижрахыг хичээ. Сав л хийвэл сатаараад байхгүй бол буцаж ажлын хэмнэлдээ төвөггүй хурдан орж чадна. Гар утсаа
унтраагаад, сошиал медиагаас түр гараад, компьютерт нээлттэй байгаа цонх аппликэйшнүүдээ хаа.

7. Ажлын эхний долоо хоног дууссаны дараа дуртай зүйлээ хий.

Та ажилдаа буцаад орчлоо гэдэг нь цагийг зугаатай өнгөрөөхөө болино гэсэн үг биш. Ганц хоёр найзтайгаа өдрийн хоолонд орж баривал ажлын эхний долоо хоног тийм ч аймар санагдахгүй байх. Кофе шопоос дуртай уух юмаа авч өөрийгөө дайл, гоё подкаст татаж аваад ажилдаа явах замаа сонирхолтой болгож бас болно шд.

8. Ажлаасаа цагтаа тар.

Амралтаас эргэж ажилдаа орсны эхний долоо хоног оройтож суух гээд байдаг биз? Амралт авсан бол ажилдаа орчоод илүү цагаар ажиллах ёстой гэсэн үг биш шүү дэ! Гавъяат ажилтан болох гээд яахав. Ажлаа тардаг цагт нь л тарахыг хичээ. Сэрүүлэг тавих хэрэгтэй бол тавиад, цагтаа л явж бай.

9. Завсарлагаа ав. Амьсгаа ав.

Амралтаас ажилдаа эргэн орох бол шилжилтийн үе. Ажлын хэмнэлдээ амархан орж юмнуудаа амжуулахгүй байвал бүү ихээр санаа зов. Хэд хоногийн дараа хэмнэлдээ орох нь тодорхой. Гол нь тайван байж, сайн төвлөрөхийг хичээ. Нэг мэдэхэд л ажлаа гялалзуулчихсан гүйж байх нь тодорхой.

Унших
Share on FacebookTweet about this on Twitter

Шинэ бизнес амжилтгүй болдог 6 шалтгаан

Блүүмбергийн судалгаанаас Форбс сэтгүүлд дурдсанаас үзэхэд 10 шинэ бизнес тутмын 8 нь нээгдсэнээсээ хойш 18 сарын дотор хаалгаа барьдаг ажээ. Бүтээгдэхүүн болон үйлчилгээ нь эрэлттэй бизнесүүд ч мөн энэ тоонд орох нь ойлгомжтой. Тэгвэл яагаад шинэ бизнес амжилтгүй болдог 6 шалтгааныг доор ярилцая. 

1. Удирдлага Муу Байх.

1_6 reasons businesses fail

Удирдах чадвар муутай тохиолдолд бизнес мэдээж хэцүү байдалд орно. Сайн удирдагч байна гэдэг нь шийдвэр гаргах чадвар, хүмүүсийг удирдах чадвар болон байгууллагыг залах чиглүүлэх алсын хараатай байна гэсэн үг. Хэрвээ компанийг багаараа удирдаж байгаа бол дотроо зөрчилдөөнтэй, нэгдсэн менежментийн бодлогогүй байх нь бас бизнес нурах шалтгаан болдог. Бэрхшээл асуудал гарсан үед сайн удирдагч удирдлагыг гартаа авч, асуудлуудыг шийдэхэд гар бие оролцдог. Үүнийг хийж чадахгүй эсвэл хийхээс зүрхшээн зугтах нь бизнесийг доройтолд оруулна.

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Удирдлага сул эсвэл чадваргүй байх нь байгууллагын соёл, ажилчдын ажилдаа хандах хандлага, санхүүгийн төлөвлөлт гээд өдөр тутмын үйл ажиллагааны хэсэг бүрт муугаар нөлөөлдөг. Тиймээс сайн удирдагч байхад суралцах нь чухал. Ментор олж, өөрийнхөө давуу ба сул талуудыг сайтар анзааран судалж, өөрийнхөө удирдах чадвар болон салбарынхаа талаар мэдлэгийг аль болох сайжруулахад анхаараарай. Бусад компаниудын бизнесийн шилдэг дадлууд, болж бүтсэн амжилтуудаас нь байнга суралцан, өөрийнхөө бизнест хөрвүүлэн тусгах дээр анхаараарай.

2. Үнэ Цэнэ, Ялгаралгүй Байх.

2_6 reasons businesses fail

Бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ нь эрэлт өндөртэй салбарт та хэрэгтэй, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж ирсэн гэж бодож байгаа боловч нэг л болж өгөхгүй байж болно. Бизнесийн арга барил тань болж өгөхгүй эсвэл бүтээгдэхүүн тань үнэ цэнээ хүмүүст бүрэн таниулж чадахгүй байгаа байж магад. Үнэхээр эрэлт өндөртэй салбарт амжилт олохгүй байгаа бол та өрсөлдөөн дундаас ялгарч, онцгойрч чадахгүй байна гэсэн үг.

Хэрхэн сэргийлэх вэ? Танай бизнес өрсөлдөгчдөөсөө юугаараа онцлог вэ? Та бизнесээ бусдаас тэс ондоогоор яаж хийж болох вэ? Таны өрсөлдөгчид юуг илүү хийгээд амжилттай байна вэ? Та салбартаа шинжилгээ өгөөд, өөр хэн ч хийхгүй байгаа, санал болгохгүй байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн, арга замыг олох нь чухал. Ингэж байж л брэнд бий болдог. Брэнд бол зүгээр нэг нэр, лого биш, таны үйлчилгээ, бүтээгдэхүүнийг төлөөлж, хүмүүст таниулж, сануулж байдаг таны бизнесийн гол имиж юм. Өөрийн гэсэн өвөрмөц үнэ цэнийг бий болгон, зах зээлд гаргаснаар та зах зээлийн хувийг эзлэн, бизнесээ өргөжүүлэх боломжтой болно. Ингэсний дараа та маркетингийн төлөвлөгөө боловсруулан, брэндээ хүмүүст хүргэх аль болох олон арга зам, сувгуудийг тодорхойлох хэрэгтэй. Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ бусдаас илүү байж болох ч, хэн ч энэ тухай мэдэхгүй бол танд үр ашиг өгөхгүй. Сошиал медиа, ам дамжсан яриа, шууд маркетинг, телемаркетинг зэрэг уламжлалт болон шинээр гарч ирсэн төрөл бүрийн сувгуудыг бодолцож үзээрэй.

3. Хэрэглэгчээсээ Хөндийрөх.

3_6 reasons businesses fail

Та хэрэглэгч, үйлчлүүлэгчдээсээ хөндийрч, тэдний хэрэгцээ, санал хүсэлтийг ойлгохгүй бол бизнест тань сөргөөр нөлөөлнө. Танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүмүүст таалагдаж байгаа боловч ганц нэг жижиг өөрчлөлт хүмүүсийн хүсэлтийн дагуу хийчихвэл бүр “тасархай” болж ч магадгүй шүү дээ. Хүмүүсийн санал хүсэлтийг сонсоорой. Танай зах зээл унаж байна уу? Хүмүүст танай бүтээгдэхүүн хэрэгцээтэй хэвээрээ байна уу? Цаг үеэсээ хоцроод моодноос гарч байна уу үгүй юу гэдгээ та мэдэж байх ёстой.

Хэрхэн сэргийлэх вэ? Амжилттай бизнесүүд хэрэглэгчтэйгээ байнга холбоотой байдаг. Сүүлийн үед юу моодонд орж байна, ямар дэвшил, шинэчлэл тухайн салбарт явагдаж байна, хэрэглэгчдийн хүлээлт, хандлага яаж өөрчлөгдөж байна гэдгийг мэдэж байдаг. Хэрэглэгчдээсээ санал асуулга, судалгаа үе үе авч байх нь чухал. Ердөө кофе хамт уунгаа хууч хөөрөх нь ч танд шинэ санаа, ойлголтуудыг өгөх бизээ.

4. Ашиггүй Бизнесийн Загвар.

4_6 reasons businesses fail

Тохироогүй бизнесийн загвар буюу модель ашиглах, бизнесийн төлөвлөгөө ажиллах эсвэл санхүүгийн хувьд ашиг олох замаа тодорхойлоогүй бизнес хийх нь компани доройтох том шалтгаан болдог. Таны бизнесийн санаа хичнээн мундаг байсан ч эдгээр бодлогын суурь тавигдаагүй бол санааг хэрэгжүүлэхэд төвөгтэй.

Хэрхэн сайн бизнесийн загвар үүсгэх вэ? Салбарын амжилттай яваа бизнесүүд хэрхэн ажилладгийг сайтар судлаарай. Тэгээд орлогын урьдчилсан төлөвлөгөө, төсвийн төлөвлөлт, маркетинг болон эрсдэлийн менежмент зэргийг тусгасан цогц бөгөөд бодит бизнесийн төлөвлөгөө гаргаарай. Бизнесийн хөгжлийн гол гол мөчлөг, зорилт, даалгаваруудыг тодорхой тусгасан календарь гаргаж, өөрийнхөө явцыг тэмдэглэж, зорилгодоо хүрэх замаасаа гажихгүй байх дээр анхаарч ажиллаарай.

5. Санхүүгийн Удирдлага Муу Байх.

5_6 reasons businesses fail

SmallBizTrends.com-д бичсэнээс үзэхэд жижиг бизнесүүдийн 40% ашигтай, 30% зардлаа нөхөж ажилладаг байхад үлдсэн 30% нь алдагдалтай байдаг байна. Та амжилттай бизнес хийхийн тулд мөнгө тань хаанаас ирээд, хаашаа зарцуулагдаж байгааг төгрөг мөнгө бүрээр нь мэдэж байх ёстой. Асуудал, хямралыг даван туулахад зориулсан нөөц мөнгөний сангүй байх нь бизнес нурах бас нэгэн шалтгаан болдог. Бизнест мөнгө олж, баяжина гэсэн бодолтой орсон ч санхүү, татвар, зардал, өртөгийн тооцоолол зэргийг хийх сонирхолгүй эсвэл чадвар, мэдлэггүй хүмүүс байдаг. Санхүүгийн зохицуулалт, удирдлага муу байх нь бизнесийг шууд дампууралд хөтлөнө.

Хэрхэн сэргийлэх вэ? Орлого, зарлага гээд гүйлгээ болгоныг тэмдэглэж нэгтгэдэг зориулалтын мэргэжлийн санхүүгийн програм худалдан авч, хэрэглэх нь чухал ба ашиг, алдагдалын тайланг програмнаасаа гарган тогтмол хянаж бай. Хэрвээ танд санхүүгийн менежментийн чадвар, мэдлэг дутаж байгаа бол зөвлөх эсвэл мэргэшсэн нягтлан гэрээлж авахыг бодолцоорой.

6. Хэтэрхий Хурдан Өсч, Тэлэх.

Alice in wonderland

Заримдаа гарааны бизнес гэнэт хянах боломжгүй хурдан өсч, тэлдэг. Онлайн дэлгүүрээ нээгээд удаагүй байтал эрэлт ихтэй бүтээгдэхүүнд тань таны нөөцнөөс илүү их захиалга ирж ч магадгүй. Эсвэл эсрэгээрээ та хэт их нөөц худалдаж аваад бараагаа гүйлгэж чадахгүй байж болно. Аль аль нь бизнес хүндрэлтэй.

Хэрхэн сэргийлэх вэ? Бизнесийн өсөлт нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдахтай ижил маш их хөдөлмөр, бодлого, төлөвлөлт шаарддаг. Бизнес нь жигдэрсэн, амжилттай том компаниуд ч шинэ салбар нээхээсээ өмнө маш удаан судалж, төлөвлөдөг. Тухайн салбар, орчин, хэрэглэгчдийн сүүлийн үеийн хандлага, хэрэглээ, тухайн орчны цаашдын хөгжлийн бодлого зэрэг олон хүчин зүйлсийг бодолцож, шинжилсний эцэст шийдвэрээ гаргадаг. Та ч мөн адил бэлтгэх хэрэгтэй. Өсч, тэлэхээсээ өмнө одоо байгаа бизнес тань тогтвортой болсон байх нь чухал. Амжилтын гол үндэс нь тухайн гарааны бизнесийг нээхийн өмнөөс авахуулаад компанийн амьдралынх нь туршид хэрэгжих урт хугацааны бодлоготой төлөвлөлт ба санхүүгийн менежмент юм.

Унших
Share on FacebookTweet about this on Twitter

Хөгжим сонсох 5 ач тусыг шинжлэх ухаанаар тайлбарлах нь

musicAtWork

Хөгжим сонсох нь үр бүтээмж нэмэгдүүлэхэд үр дүнтэй байдгаас гадна тааламжтай байдаг. Шууд чихэвчээ ажилдаа яагаад авчирч байх талаар ярихаасаа өмнө дуртай дуугаа намуухнаар спикерээр тоглуулах нь ямар үр ашигтай байдаг талаар харъя. 

1. Сэтгэл санааг амраадаг

Амьдрал амар биш.

Танд юу тохиолдох гэж байгааг урьдчилж мэдэх аргагүй, бүх юм л гэнэт тохиолддог. Зарим хүмүүст энэ нь сэтгэл санааны гүн зовинол үүсгэдэг.
Сэтгэл санаагаа амрааж, зовнилоос ангижрахын тулд хүмүүс бясалгах, дасгал хийх, эм уух, идэх, эм уух,сэтгэлзүйчтэй зөвлөх болон дахин эм уух зэрэг төрөл бүрийн зүйл хийдэг.
Дасгал хийхгүй, хэтрүүлж идмээргүй, эсвэл бясалгаж хийж,сэтгэлзүйчид үзүүлмээргүй эсвэл эмээр эмчлэх хүсэлгүй байгаа бол танд бас нэг боломж байна.

Хөгжим.

Сэтгэлийн зовинолыг багасгах хамгийн үр дүнтэй хэрэгслүүдийн нэг нь хөгжим гэдгийг хүн болгон ухаардаггүй. Нүдээ аниад, зөвхөн сонсож байгаа зүйлдээ анхаарлаа хандуулаад үзээрэй. Таны бие махбодь, оюун ухаан тань шууд тайвшран төвлөрч эхлэхийг та мэдрэх болно.

2. Хөгжмөөр дамжуулан та хүмүүстэй илүү бат бэх харилцаатай болдог

Хэрвээ та угаасаа хөгжимд дуртай нэгэн бол дуртай дуучин эсвэл хамтлагийнхаа талаар ярилцах нь хүнтэй анх танилцан нүүр хагарах хялбархан арга гэдэгтэй санал нийлэх бизээ.
Тэгвэл энэ санааг үргэлжлүүлэн үзэхэд, нэг өрөөнд байгаа хүмүүс хамтдаа хөгжим сонсох нь тэднийг хооронд нь холбож өгөхөөс гадна тэдний оюун санааг ч мөн ижил хэлбэлзэлд оруулж өгнө гэсэн үг.
Концерт үзэж байгаа бие биенийгээ танихгүй хүмүүс дуртай дуундаа бүгд хөдлөхөд үгээр тайлбарлах аргагүй сонин мэдрэмж төрдөг. Нэг ёсондоо энэхүү ид шидийг жижиг хэмжээнд бий болгож байгаа л гэсэн үг.

3. Хөгжим таны ой тогтоолтыг сайжруулдаг

Хөгжим хүнийг илүү ухаантай болгодог гэж ярьдаг бол үнэний ортой зүйл.
Хөгжим сонсох нь хүний ой тогтоомжийн чадварыг сайжруулдаг байна. Хөгжим сонсох эсвэл тоглох үед хүний баруун ба зүүн тархи зэрэг ажилладаг ба ингэснээр юмыг санах, тогтоох үйл явцыг сайжруулдаг байна.
Дуулах нь мөн адил баруун зүүн тархийг зэрэг ашигласнаар хүний мэдээллийг боловсруулах процессыг сайжруулдаг гэдэг ба зүгээр сонсох нь ч мөн адил ашиг тустай байдаг байна.

4. Хөгжим таны булчинг суллаж өгдөг

Санаа зовинох, сэтгэл санаа таагүй байхад хүн өөрийн мэдэлгүй биеэ чангалдаг ба 8 ба түүнээс дээш цаг суудаг бизнесийнхэнд ялангуяа үүнээс үүдсэн булчингийн чангарал нь эрүүл мэндэд нь хамгийн хор нөлөөтэй зүйл болж байна.
Хөгжим сонссоноор бие махбодийн чангарал, зангилааг сулруулдаг бөгөөд ялангуяа оффисд суугчдын нуруу, мөрний булчинг тайвшруулж өгдөг байна.
Заавал чихэвчээр биш намуухнаар өрөөндөө хөгжим тавих нь ч булчинг тайвшруулж өгдөг байна.

5. Хөгжим нойрны чанарыг сайжруулдаг

Үр бүтээмж өндөртэй өдөрт нойр хамгаас чухал. Гэвч одоо цагт нойрыг улам л үл ойшоох нь элбэг болжээ.
Хэрэв та орой болгон 8 цагийн нойроо авч чадахгүй байгаа бол аль хэдийн энэ дутагдлаа биеэрээ амсаад эхэлчихсэн байх магадлалтай. Судалгаанаас үзэхэд сонгодог хөгжмийг тогтмол сонсох тусам хүний нойрны чанар сайжирдаг байна. Үр дүнд нь өглөө та сэргэлэн цовоо босон, үр бүтээмж өндөртэй өдрийг өнгөрүүлэх болно.

Унших
Share on FacebookTweet about this on Twitter

Найзтайгаа зөвөөр бизнес эхлүүлэх 5 зөвлөмж

doing business with a friend

Стратегийн түншлэл үүсгэн, бизнес эхлүүлэх нь маш чухал. Харин зөвхөн хувийн харилцааны хувьд таарч тохирдог дээрээ үндэслэн найзтайгаа бизнес эхлүүлэх нь олон эрдсэлийг дагуулдаг. Хувийн харилцаа сайн байх тусам бие биенийхээ сул талыг олж харахгүй байх магадлалтай. Найзтайгаа хамтарч байгаа үед тухайн хүндээ найдах, сохроор итгэх зэрэг алдаа гаргах нь элбэг. Бизнесийн түншүүдийн хооронд итгэлцэл байх нь маш чухал боловч, зөвхөн итгэлцэл дээр үндэслэн бизнес хийх нь оновчтой бус байдаг. Найзтайгаа бизнес эхлүүлэх гэж байгаа бол дараах 5 зөвлөмжийг дагаж мөрдөөрэй. 

1. Хэцүү асуултуудаа асуу

Найзаасаа асуухад хэцүү боловч бизнест чухал асуултуудаа асууж, хариултыг нь шинжээрэй. Өмнөх бизнесийн түншүүдтэйгээ хэр харьцаатай байсан бэ? Гэнэт бизнесээ хийхээ болих бол яах вэ? Компанийн бусад хүмүүстэйгээ ямар харьцаатай вэ? Ийм дүн шинжилгээ нь сохроор буюу зөвхөн найзын хувьд итгэн орохоос таныг сэргийлнэ. Та бизнесийн түншээ сайн таниж, мэдсэнээр илүү үр бүтээлтэй ажиллах болно. Мөн бизнесийн түнш болох гэж байгаа найз тань ч таныг бизнестээ ажил хэрэгчээр хандаж байгааг тань үнэлнэ.

2. Компанийн чадварыг нь шинжээрэй

Найзынхаа компанитай хамтрах, түншээр оролцох гэж байгаа бол зөвхөн түүний үгэнд итгэх нь аюултай. Үнэхээр тухайн компани нь найзын тань хэлсэн бүх зүйлийг хийж чаддаг уу? Бизнесийн хувьд бодит нөөц ба чадавхид нь үнэлгээ хийгээрэй. Хөндлөнгийн зөвлөх, шинжээчээр ч үнэлгээг гаргаж харж болно.

3. Бусад бололцоо, боломжийг бүү хая

Найз нөхөрлөлөөс болоод та бусад боломжуудаа шууд хаях нь буруу. Мэдээж өөр түншүүдийг бодолцож үзэхэд найз тань дуртай биш байж болно. Гэвч стратегийн хувьд илүү үр өгөөжтэй түншүүд байгаа тохиолдолд та тэдгээрийг бодолцож үзэх нь зүйтэй.

4. Компаниа хамгаал

Үр бүтээлтэй, сайн түншлэл бол нөхөрлөл дээр биш, үүрэг хариуцлагыг цагаан дээр хараар буулгасан гэрээ контракт дээр суурилдаг. Сайн харилцаа, хувийн нөхөрлөл зэрэг нь бизнесийн орчинд хангалтгүй зүйл. Үүрэг хариуцлагын тодорхой хуваарилалт, харилцааны зөв сувгууд болон маргааныг шийдвэрлэх компанийн засаглалын зарчмууд заавал байх ёстой.

5. Итгэлцлээс илүүг шаард

Менежментийн зөв дадлууд болон хоорондын харилцааны зарчим, дүрмүүдээ хоорондоо ярилцаж тогтох нь зүйтэй. Зөвхөн итгэлцэл байх нь хангалтгүй бөгөөд хэтэрхий их итгэлцэлд найдах нь харин ч аюултай. Хүний амьдралд юу ч болж болох бөгөөд таны итгэлээ өгсөн найз тань гэнэт бизнесээ орхихоор шийдэж ч болно. Урьдчилан менежментийн дадлуудаа тохирон, хоорондоо мэдээлэл солилцох, коммуникацийг сайжруулах арга хэмжээг авснаар урт хугацааны харилцан үр өгөөжтэй түншлэлийг бий болгодог.

Унших
Share on FacebookTweet about this on Twitter