August 25, 2016 clubicc

Шинэ бизнес амжилтгүй болдог 6 шалтгаан

Блүүмбергийн судалгаанаас Форбс сэтгүүлд дурдсанаас үзэхэд 10 шинэ бизнес тутмын 8 нь нээгдсэнээсээ хойш 18 сарын дотор хаалгаа барьдаг ажээ. Бүтээгдэхүүн болон үйлчилгээ нь эрэлттэй бизнесүүд ч мөн энэ тоонд орох нь ойлгомжтой. Тэгвэл яагаад шинэ бизнес амжилтгүй болдог 6 шалтгааныг доор ярилцая. 

1. Удирдлага Муу Байх.

1_6 reasons businesses fail

Удирдах чадвар муутай тохиолдолд бизнес мэдээж хэцүү байдалд орно. Сайн удирдагч байна гэдэг нь шийдвэр гаргах чадвар, хүмүүсийг удирдах чадвар болон байгууллагыг залах чиглүүлэх алсын хараатай байна гэсэн үг. Хэрвээ компанийг багаараа удирдаж байгаа бол дотроо зөрчилдөөнтэй, нэгдсэн менежментийн бодлогогүй байх нь бас бизнес нурах шалтгаан болдог. Бэрхшээл асуудал гарсан үед сайн удирдагч удирдлагыг гартаа авч, асуудлуудыг шийдэхэд гар бие оролцдог. Үүнийг хийж чадахгүй эсвэл хийхээс зүрхшээн зугтах нь бизнесийг доройтолд оруулна.

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Удирдлага сул эсвэл чадваргүй байх нь байгууллагын соёл, ажилчдын ажилдаа хандах хандлага, санхүүгийн төлөвлөлт гээд өдөр тутмын үйл ажиллагааны хэсэг бүрт муугаар нөлөөлдөг. Тиймээс сайн удирдагч байхад суралцах нь чухал. Ментор олж, өөрийнхөө давуу ба сул талуудыг сайтар анзааран судалж, өөрийнхөө удирдах чадвар болон салбарынхаа талаар мэдлэгийг аль болох сайжруулахад анхаараарай. Бусад компаниудын бизнесийн шилдэг дадлууд, болж бүтсэн амжилтуудаас нь байнга суралцан, өөрийнхөө бизнест хөрвүүлэн тусгах дээр анхаараарай.

2. Үнэ Цэнэ, Ялгаралгүй Байх.

2_6 reasons businesses fail

Бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ нь эрэлт өндөртэй салбарт та хэрэгтэй, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж ирсэн гэж бодож байгаа боловч нэг л болж өгөхгүй байж болно. Бизнесийн арга барил тань болж өгөхгүй эсвэл бүтээгдэхүүн тань үнэ цэнээ хүмүүст бүрэн таниулж чадахгүй байгаа байж магад. Үнэхээр эрэлт өндөртэй салбарт амжилт олохгүй байгаа бол та өрсөлдөөн дундаас ялгарч, онцгойрч чадахгүй байна гэсэн үг.

Хэрхэн сэргийлэх вэ? Танай бизнес өрсөлдөгчдөөсөө юугаараа онцлог вэ? Та бизнесээ бусдаас тэс ондоогоор яаж хийж болох вэ? Таны өрсөлдөгчид юуг илүү хийгээд амжилттай байна вэ? Та салбартаа шинжилгээ өгөөд, өөр хэн ч хийхгүй байгаа, санал болгохгүй байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн, арга замыг олох нь чухал. Ингэж байж л брэнд бий болдог. Брэнд бол зүгээр нэг нэр, лого биш, таны үйлчилгээ, бүтээгдэхүүнийг төлөөлж, хүмүүст таниулж, сануулж байдаг таны бизнесийн гол имиж юм. Өөрийн гэсэн өвөрмөц үнэ цэнийг бий болгон, зах зээлд гаргаснаар та зах зээлийн хувийг эзлэн, бизнесээ өргөжүүлэх боломжтой болно. Ингэсний дараа та маркетингийн төлөвлөгөө боловсруулан, брэндээ хүмүүст хүргэх аль болох олон арга зам, сувгуудийг тодорхойлох хэрэгтэй. Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ бусдаас илүү байж болох ч, хэн ч энэ тухай мэдэхгүй бол танд үр ашиг өгөхгүй. Сошиал медиа, ам дамжсан яриа, шууд маркетинг, телемаркетинг зэрэг уламжлалт болон шинээр гарч ирсэн төрөл бүрийн сувгуудыг бодолцож үзээрэй.

3. Хэрэглэгчээсээ Хөндийрөх.

3_6 reasons businesses fail

Та хэрэглэгч, үйлчлүүлэгчдээсээ хөндийрч, тэдний хэрэгцээ, санал хүсэлтийг ойлгохгүй бол бизнест тань сөргөөр нөлөөлнө. Танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүмүүст таалагдаж байгаа боловч ганц нэг жижиг өөрчлөлт хүмүүсийн хүсэлтийн дагуу хийчихвэл бүр “тасархай” болж ч магадгүй шүү дээ. Хүмүүсийн санал хүсэлтийг сонсоорой. Танай зах зээл унаж байна уу? Хүмүүст танай бүтээгдэхүүн хэрэгцээтэй хэвээрээ байна уу? Цаг үеэсээ хоцроод моодноос гарч байна уу үгүй юу гэдгээ та мэдэж байх ёстой.

Хэрхэн сэргийлэх вэ? Амжилттай бизнесүүд хэрэглэгчтэйгээ байнга холбоотой байдаг. Сүүлийн үед юу моодонд орж байна, ямар дэвшил, шинэчлэл тухайн салбарт явагдаж байна, хэрэглэгчдийн хүлээлт, хандлага яаж өөрчлөгдөж байна гэдгийг мэдэж байдаг. Хэрэглэгчдээсээ санал асуулга, судалгаа үе үе авч байх нь чухал. Ердөө кофе хамт уунгаа хууч хөөрөх нь ч танд шинэ санаа, ойлголтуудыг өгөх бизээ.

4. Ашиггүй Бизнесийн Загвар.

4_6 reasons businesses fail

Тохироогүй бизнесийн загвар буюу модель ашиглах, бизнесийн төлөвлөгөө ажиллах эсвэл санхүүгийн хувьд ашиг олох замаа тодорхойлоогүй бизнес хийх нь компани доройтох том шалтгаан болдог. Таны бизнесийн санаа хичнээн мундаг байсан ч эдгээр бодлогын суурь тавигдаагүй бол санааг хэрэгжүүлэхэд төвөгтэй.

Хэрхэн сайн бизнесийн загвар үүсгэх вэ? Салбарын амжилттай яваа бизнесүүд хэрхэн ажилладгийг сайтар судлаарай. Тэгээд орлогын урьдчилсан төлөвлөгөө, төсвийн төлөвлөлт, маркетинг болон эрсдэлийн менежмент зэргийг тусгасан цогц бөгөөд бодит бизнесийн төлөвлөгөө гаргаарай. Бизнесийн хөгжлийн гол гол мөчлөг, зорилт, даалгаваруудыг тодорхой тусгасан календарь гаргаж, өөрийнхөө явцыг тэмдэглэж, зорилгодоо хүрэх замаасаа гажихгүй байх дээр анхаарч ажиллаарай.

5. Санхүүгийн Удирдлага Муу Байх.

5_6 reasons businesses fail

SmallBizTrends.com-д бичсэнээс үзэхэд жижиг бизнесүүдийн 40% ашигтай, 30% зардлаа нөхөж ажилладаг байхад үлдсэн 30% нь алдагдалтай байдаг байна. Та амжилттай бизнес хийхийн тулд мөнгө тань хаанаас ирээд, хаашаа зарцуулагдаж байгааг төгрөг мөнгө бүрээр нь мэдэж байх ёстой. Асуудал, хямралыг даван туулахад зориулсан нөөц мөнгөний сангүй байх нь бизнес нурах бас нэгэн шалтгаан болдог. Бизнест мөнгө олж, баяжина гэсэн бодолтой орсон ч санхүү, татвар, зардал, өртөгийн тооцоолол зэргийг хийх сонирхолгүй эсвэл чадвар, мэдлэггүй хүмүүс байдаг. Санхүүгийн зохицуулалт, удирдлага муу байх нь бизнесийг шууд дампууралд хөтлөнө.

Хэрхэн сэргийлэх вэ? Орлого, зарлага гээд гүйлгээ болгоныг тэмдэглэж нэгтгэдэг зориулалтын мэргэжлийн санхүүгийн програм худалдан авч, хэрэглэх нь чухал ба ашиг, алдагдалын тайланг програмнаасаа гарган тогтмол хянаж бай. Хэрвээ танд санхүүгийн менежментийн чадвар, мэдлэг дутаж байгаа бол зөвлөх эсвэл мэргэшсэн нягтлан гэрээлж авахыг бодолцоорой.

6. Хэтэрхий Хурдан Өсч, Тэлэх.

Alice in wonderland

Заримдаа гарааны бизнес гэнэт хянах боломжгүй хурдан өсч, тэлдэг. Онлайн дэлгүүрээ нээгээд удаагүй байтал эрэлт ихтэй бүтээгдэхүүнд тань таны нөөцнөөс илүү их захиалга ирж ч магадгүй. Эсвэл эсрэгээрээ та хэт их нөөц худалдаж аваад бараагаа гүйлгэж чадахгүй байж болно. Аль аль нь бизнес хүндрэлтэй.

Хэрхэн сэргийлэх вэ? Бизнесийн өсөлт нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдахтай ижил маш их хөдөлмөр, бодлого, төлөвлөлт шаарддаг. Бизнес нь жигдэрсэн, амжилттай том компаниуд ч шинэ салбар нээхээсээ өмнө маш удаан судалж, төлөвлөдөг. Тухайн салбар, орчин, хэрэглэгчдийн сүүлийн үеийн хандлага, хэрэглээ, тухайн орчны цаашдын хөгжлийн бодлого зэрэг олон хүчин зүйлсийг бодолцож, шинжилсний эцэст шийдвэрээ гаргадаг. Та ч мөн адил бэлтгэх хэрэгтэй. Өсч, тэлэхээсээ өмнө одоо байгаа бизнес тань тогтвортой болсон байх нь чухал. Амжилтын гол үндэс нь тухайн гарааны бизнесийг нээхийн өмнөөс авахуулаад компанийн амьдралынх нь туршид хэрэгжих урт хугацааны бодлоготой төлөвлөлт ба санхүүгийн менежмент юм.

Унших